БНТУ-ЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МУАММЭР ТҮРКЭР МАНАЙ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Муаммэр Түркэр 2014 оны 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

БНТУ 1982 оны Үндсэн хуулиараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг байгуулсан бөгөөд тус байгууллага нь аюулгүй байдлын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдуулан зөвлөмж гаргадаг байгууллага юм.  Туркийн ҮАБЗ нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗХЖШ-ын дарга, 4 Шадар сайд, Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайд, Хуурай замын цэргийн командлагч, Тэнгисийн цэргийн командлагч, Агаарын цэргийн командлагч, Жандармерийн ерөнхий командлагчаас бүрдэнэ. ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч томилдог, одооны Ерөнхий нарийн бичгийн дарга Муаммэр Түркэр 2012 оны 4 дүгээр сарын 27-нд тус албанд томилогдсон.    

Хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд санамж бичгийн хүрээнд тодорхой ажлууд хийгдэж, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаа бэхжиж байгааг дурдах нь зүйтэй.     

Муаммэр Түркэр албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзлаа.  Айлчлал, хэлэлцээний үеэр хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд, тэдгээрийн дотор зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов.