ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭНХТҮВШИН АЙМАГ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордны Иргэний танхимд аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарт хандан мэдээлэл хийлээ. Тэрээр хийсэн мэдээлэлдээ “Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлсон бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиар зохицуулж байна.      

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагууд, тэдгээрийг удирдаж буй албан тушаалтнууд үндэсний аюулгүй байдлыг хангах талаар чухал үүрэг хүлээдэг. Үүнд:

• Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд төрийн бодлого, хууль тогтоомжид нийцүүлэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар бодлого боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллана. 

• Бүх шатны засаг дарга үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаанаас сэргийлэх, таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцлийг судлан тогтоох, арилгах арга хэмжээ авч, энэ асуудлаар нутаг дэвсгэртээ байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй албадад чиглэл өгч, холбогдох байгууллагад санал, хүсэлт тавина.

• Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар тогтоосон журмыг сахин биелүүлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хамгаалах, өөрийн хууль ёсны үүрэгт хамаарах мэдээ баримтыг холбогдох дээд байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар ҮАБЗ-д санал хүсэлтээ тавих эрхтэй.

Аймаг, дүүргийн удирдлагууд дээрх үүргээ хэрэгжүүлж байгаа байдал, орон нутагт үндэсний аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлууд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 7.1.1, 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу аймгийн засаг дарга нарт 2014.05.15-ны 4/178 тоот албан бичгээр нэн даруй хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр тодорхой чиглэлийг өгсөн бөгөөд түүний хэрэгжилтийн талаар мэдээлэв.