ҮАБЗ-ийг мэдээллээр хангах журам

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 12-р сарын 14-ний өдрийн 266-р зарлигийн хавсралт

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН

ЗӨВЛӨЛИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагааг болон түүнийг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавихад шаардлагатай бүх төрлийн мэдээллээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийг /цаашид Зөвлөл гэнэ/ хангахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2Зөвлөлийг мэдээллээр хангах үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хууль  бусад хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу зохион байгуулна.

1.3Энэхүү журмыг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Монгол Улсын  нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө.

Хоёр. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийг мэдээллээр хангах

2.1Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Зөвлөлийг мэдээллээр хангах үүргийг төрийн холбогдох байгууллагууд хүлээнэ.

2.2Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу байгууллага, албан тушаалтан өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээ, түүний үр дүнг тогтоосон хугацаанд хариу мэдээлэх үүрэгтэй. 

2.3Зөвлөл нь шаардлагатай бол үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлыг хөндсөн тодорхой асуудлаар төрийн бус байгууллагаас хэрэгцээтэй мэдээлэл гаргуулан авч болно.

2.4  Олон улсын хэмжээнд болон улс орны дотор онцгой байдал бий болсон  үед төрийн байгууллагууд Зөвлөлийг байнгын мэдээллээр хангаж, мэдээллийн дагуу авах арга хэмжээг Зөвлөлийн ажлын алба уялдуулан зохицуулна.

2.5Онцгой яаралтай тохиолдолд шаардлагатай мэдээг Зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга, чиглэл хариуцсан референт болон Мэдээлэл, дүн шинжилгээний албаны шинжээч  нарт утсаар эсхүл биечлэн дамжуулж, дараа нь баримтжуулна.

Гурав. Мэдээллийн ангилал, хугацаа

 3.1ҮАБЗ-д ирүүлэх мэдээлэл нь шинж чанараасаа хамааран яаралтай мэдээ, шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, танилцуулах тойм мэдээ, тайлан гэсэн ангилалтай байна. Үүнд:

3.1.1яаралтай мэдээ гэж үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хохирол учруулахуйц үйл явдлын тухай мэдээ болон Зөвлөлөөс албан хэрэгцээнд нэн даруй ирүүлэхийг шаардсан мэдээг,  

3.1.2шуурхай мэдээ гэж тухайн үед болсон үйл явдал, хэргийн талаарх мэдээллийг, 

3.1.3танилцуулах мэдээ гэж үйл явдлын товч танилцуулга, тодорхой санал бүхий мэдээллийг,

3.1.4танилцуулах тойм мэдээ гэж тодорхой хугацааны үйл явдлыг тоймлож, түүний явц, өрнөлд үнэлэлт, дүгнэлт өгсөн, цаашид авах арга хэмжээний саналыг тусгасан,

3.1.5тайлан мэдээ гэж үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг тухайн салбар, байгууллагын хүрээнд хэрхэн зохион байгуулж, хэрэгжүүлсэн, гарсан үр дүнгийн тухай тайланг тус тус ангилна. 

3.2Эх үүсвэрээр нь гадаад, дотоод мэдээлэл гэж ангилна.

3.3Яаралтай мэдээг тухайн үйл явдал болмогц цаг алдалгүй нэн даруй утсаар мэдээлж, дараа нь бичгээр баталгаажуулна. Онц яаралтай мэдээг Зөвлөлийн нарийн бичгийн даргад нэн даруй танилцуулна.  

3.4Тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, хэргийн талаарх шуурхай мэдээ, мэдээллийг Ажлын албанд 12 цагийн дотор ирүүлж 24 цагийн дотор Зөвлөлд танилцуулсан байна. 

3.5Хавсралтад заагаагүй танилцуулах мэдээ, мэдээллийг  холбогдох байгууллага, албан тушаалтан шаардлагатай тохиолдолд гаргаж Зөвлөлийн Ажлын албанд ирүүлж байна. 

3.6 Үндэсний аюулгүй байдал тухайн чиглэлээр хэрхэн хангагдаж байгаа тухай илтгэлийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллагууд хагас жилд нэг удаа, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд жил бүр Зөвлөлд ирүүлнэ.

3.7Өдөр тутмын шуурхай мэдээг дараа өдрийн 10.00 цагаас өмнө Зөвлөлд танилцуулсан байна. 

3.8“Тухай бүр” гэснээс бусад танилцуулах мэдээллийг дараа сар, улирлын эхний долоо хоногийн ажлын өдөрт багтааж ирүүлнэ.

3.9Танилцуулах тойм мэдээ, тайлангийн хагас жилийнхийг 7 дугаар сарын 2 дугаар долоо хоногт, бүтэн жилийнхийг дараа оны 2 дугаар сарын эхний долоо хоногт багтаан ирүүлнэ.

Дөрөв. Мэдээ, мэдээлэл ирүүлэх

4.1Зөвлөлд ирүүлэх төрийн нууцтай холбоотой мэдээллийг боловсруулах, илгээх, хүлээн авах, ашиглахдаа Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцыг хамгаалах журмын дагуу гүйцэтгэнэ.

4.2Илгээгч байгууллага мэдээллийн агуулгаас шалтгаалан уг мэдээллийг нууцлах эсэхийг шийдвэрлэх ба нууцын зэрэглэлийг тогтоох, ирүүлэхдээ Төрийн нууцын тухай хуулийг баримтална.

4.3Төрийн байгууллагууд энэ журмын хавсралтад заасан мэдээллийг “Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албанд” гэж хаяглан бичгээр, нэг хувь ирүүлнэ. 

4.4Мэдээллийг яам, агентлаг, тусгай газар, орон нутгийн байгууллагын /төрийн нарийн бичгийн дарга, төрийн болон орн нутгийн захиргааны удирдлагын газар, хэлтсийн/ дарга нар энэ журмын хавсралтад заасан хугацаанд ирүүлнэ.

4.5Төрийн байгууллагууд шаардлагатай үед энэ журмын хавсралтад заагдаагүй мэдээлэл, судалгааг Зөвлөлийн даалгавар, чиглэлийн дагуу Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 12, 13, 14, 17 зүйлд заасны дагуу ирүүлнэ.

4.6Гүйцэтгэх ажил эрхэлдэг тусгай албад үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг холбогдох хууль, зохих журмын дагуу Зөвлөлд тогтмол ирүүлнэ.

4.7Үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд онцгой ач холбогдол бүхий асуудлуудаар стратегийн шинжтэй судалгаа хийж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мөн Зөвлөлийн шинжээчид хийсэн судалгааны материалаа Зөвлөлийн Ажлын албанд ирүүлнэ.

4.8Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой сэдвээр хэвлэгдсэн өгүүлэл, ном, судалгааны тайлан, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийг тухайн салбарын шинжлэх ухаан технологи хариуцсан нэгжээс тухай бүр ирүүлнэ.

4.9Зөвлөлд ирүүлэх мэдээллийг Төрийн холбооны шуудангаар хүргүүлнэ. 

4.10Зөвлөлд нэн яаралтай хүргүүлэх шаардлагатай гэж үзсэн мэдээ, мэдээллийг тусгайлан томилогдсон албан тушаалтнаар биечлэн хүргүүлж болно. Мөн төрийн холбооны газраас баталгаажуулсан электрон холбооны хэрэгсэл ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд Зөвлөлийн Ажлын албаны бичиг хэргийн эрхлэгч /нууц хариуцсан ажилтан/ ирүүлсэн мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл хийж, нэгдсэн бүртгэлд авна. 

4.11Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон хавсралтад заасан төрийн ба орон нутгийн байгууллагууд хоногийн хугацаанд улс орны хэмжээнд болсон онцгой үйл явдал болон цаг үеийн нөхцөл байдлын тухай Зөвлөлийн  Ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний албанд өдөр бүр шуурхай мэдээлэл ирүүлж байна. 

Тав. Мэдээллийг хүлээн авах, бүртгэх, танилцуулах, хадгалах

5.1Зөвлөлийн Ажлын алба мэдээллийг өдөр тутам нэгтгэн Зөвлөлийн тэргүүн, гишүүдэд цаг тухайд нь танилцуулна. 

5.2Зөвлөлийн Ажлын албаны нэгдсэн бүртгэлд авагдсан мэдээллийг байгууллага, албан тушаалтанд танилцуулах ажлыг Зөвлөлийн нарийн бичгийн даргын шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.

5.3Зөвлөлд ирсэн нууц мэдээллийг хувилах, бусдад ашиглуулах, шилжүүлэх асуудлыг зөвхөн Зөвлөлийн нарийн бичгийн дарга шийдвэрлэнэ.

5.4Нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд авсан мэдээ, мэдээллийг албан тушаалтанд танилцуулах, ашиглуулах, эргүүлэн татах, хадгалах ажлыг Зөвлөлийн Ажлын албаны бичиг хэргийн зааварлагч-операторч /нууцын ажилтан/ биечлэн хариуцна.

5.5Зөвлөлд ирүүлсэн мэдээ, мэдээллийг Ажлын албаны нэгдсэн бүртгэлд авч хадгална.

5.6Нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд авсан мэдээ, мэдээллийг Төрийн нууцын тухай болон Архивын тухай хуулиар тогтоосон нөхцөлд хадгалах боломжоор Зөвлөлийн Ажлын алба хангагдана. 

Зургаа. Хариуцлага тооцох

6.1Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу  мэдээлэл нь үнэн бодит, цэгцтэй, товч байх ба мэдээлэл, дүн шинжилгээний чанарыг холбогдох албан тушаалтан, түүний шууд удирдлага хариуцна. 

6.2Зөвлөлийг энэхүү журамд заасан хугацаанд шаардлагатай мэдээ, мэдээллээр  хангах үүргээ биелүүлээгүйгээс Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд  цаг хугацаа алдах болон бусад эрсдэлийг бий болгосон албан тушаалтанд дээд шатны удирдах албан тушаалтан холбогдох хуулийн хүрээнд хариуцлага тооцож, Зөвлөлийн Ажлын албанд мэдэгдэнэ. 

--- оОо---

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12-р сарын 11-ний өдрийн 197 дугаар зарлигийн хавсралтын дагуу ҮАБЗ-ийг мэдээллээр хангах журмын хавсралтад өөрчлөлт орсон болно/

 

ҮАБЗ-ийг мэдээллээр хангах журмын хавсралтыг татаж авах:

AttachmentSize
MedeelleerHangahJuram.pdf377.83 KB