МЭДЭГДЭЛ

2021.02.22

МЭДЭГДЭЛ

    Сошиал орчинд "Шударга монголчууд" пэйжийн эх сурвалжтай "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан" гэх хүнд холбогдох видео бичлэг, мэдээ мэдээлэл цацагдлаа. Үүнд нэр дурдагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэх Б.Баасанцогт нь манай байгууллагад ажиллаж байгаагүй, одоо ч ажилладаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба нь Зөвлөлийн гишүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг төрийн байгууллага болно. Гэвч сүүлийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг мушгин гуйвуулах, төөрөгдүүлэх санаа зорилго бүхий мэдээ, мэдээлэл түгээх, тус байгууллагын нэрийг барих явдал удаа дараа гарч байна.

    Тухайлбал, ҮАБЗ-ийн Ажлын албанд ажиллаж байгаад 2020 оны арваннэгдүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн Ц.Амар нь 2021 оны хоёрдугаар сард сошиал хэлэлцүүлэгт оролцохдоо өөрийгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах референт гэж танилцуулж, тус байгууллагын нэр хүндэд халдсан мэдээлэл хийсэн.

    Аливаа улсын үндэсний аюулгүй байдал нь аль нэг нам эвсэл, бүлэглэл, улстөрч, хувь хүний ашиг сонирхлын сэдэв биш юм. Иймд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлыг хамгаалах үүднээс аливаа мэдээ, мэдээллийн эх сурвалжийг сайтар нягталж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээх нь зүйд нийцнэ.

    Цаашид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний Ажлын албаны нэр хүндэд халдаж, зорилготойгоор түгээсэн мэдээ, мэдээллийн эх сурвалж, этгээдийг хуульд заасны дагуу холбогдох хуулийн байгууллагаар шалгуулах болно.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 
ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

2021.02.22