Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Ц.Энхтүвшиний 2018.01.25-ны "Өдрийн сонин"-нд өгсөн ярилцлага

2018.01.25

Rcyv7.jpg

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ТӨРИЙН ЗҮРХНИЙ ЦОХИЛТ

5b5dc0dc9a.jpg

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн нарийн бичгийн дарга асан Цагаандарийн Энхтүвшинтэй ярилцлаа. Бид бүхэн нэрийг нь сайн мэдээд, нарийн бичгийн дарга нь хэн байхыг сонирхон ажиглаж, шүүмжлэн хэлэлцэж байдаг энэ байгууллагын үүрэг зорилго, ажлын бүтэц бүрэлдэхүүний тухай ярилцлаа. Заримдаа “Үүнийг мэдэхгүй хэн байх вэ дээ” гэж итгээд тоодоггүй сэдэв дотор маш их мэдэхгүй зүйл нуугдаж байдаг. Тэгж үзээд ярилцсан маань энэ юм.

НЭГ. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

-Таныг би мэдэхээрээ танилцуулъя, уншигчдадаа. Ардчилсан хувьсгалын зүтгэлтний нэг, бас мэргэжил нэгт сэтгүүлч андын маань нэг, уран зураг цуглуулагч, хувьдаа “Цагаандариум арт галарей” гэж дүрслэх урлагийн музейтэй гэдгийг мэдэх юм байна. “ҮАБЗ-ын нарийн бичиг” асан. үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь ардчилсан хувьсгалын дараагаар байгуулагдсан гэдгийг санаж байна. энэ байгууллага хуучин бнМау-ын батлан хамгаалах Зөвлөл гэж байсантай адил газар уу?

-1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулагдаад 25 жил болжээ. Энэ хугацаанд Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг төрийн нэгдмэл бодлогод нийцүүлэн уялдуулах хуулиар хүлээсэн чиг үүргээ Зөвлөл амжилттай хэрэгжүүлж, улс орны өмнө тулгамдсан олон чухал асуудлаар шийдвэр гаргаж ирсэн.

Харин тэр Улсыг батлан хамгаалах Зөвлөл бол өөр, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд байгуулагдаж, Элбэгдорж Ринчино даргалж байсан Цэргийн Зөвлөлийн үргэлжлэл л байсан хэрэг.

-Сонирхуулж ярихад, тэрхүү цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь...

-Мэднэ дээ. Их зохиолч Д.Нацагдорж байсан. Цэргийн зөвлөлийнхэнтэйгээ хамт их зохиолчийн авахуулсан зураг байдаггүй юу.

-Уг нь Д.Нацагдоржийн нэрийг би хэлээд, та зөвшөөрөөд ч юм уу, эсвэл “ өө тиим үү, та яасан их юм мэддэг сэтгүүлч вэ” гээд гайхаад явах байсан юм (инээлдэв)

-Би сэтгүүлч чам шиг л сэтгүүлч юм хойно, аргыг чинь мэдэлгүй дээ...ха ха

-За гол яриандаа оръё. Манайд нэг сонин үзэгдэл байна аа. Өөрийнхөө дэвшүүлж байгаа асуудал болгоныг “үндэсний аюулгүй байдалд учирсан аюул яг мөөн” хэмээн тодорхойлох болж. үүнийг хэвлэлийн хуудас, нийгмийн сүлжээний хаанаас ч харж болохоор байна. үнэндээ юм бичдэг улсад бол бичснээ уншуулах сайхан арга л даа. даанч олон түмэн маань “үндэсний аюултай болон аюулгүй байдал” гэж яг юуг хэлээд байгааг ялгахад амаргүй болжээ. утаа ч үндэсний аюулгүй байдал, хальтиргаа ч үндэсний аюулгүй байдал, захын микробус ч үндэсний аюулгүй байдал, тэр ч бүү хэл ааштай кондуктор ч үндэсний аюулгүй байдал болчихлоо...“үндэсний аюулгүй байдал”-тай холбоотой асуудлын хамрах хүрээг тодруулж өгнө үү л гэж асууж байгаа юм.

-Тиймээ. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллээр аливаа бэрхшээл бүрийг үндэсний аюулгүй байдалд хамруулах хандлага их болсон. Миний бие Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хашиж байсан найман жилийн хугацаанд тэр бүр асуудлыг үндэсний аюулгүй байдалд хамруулж авч хэлэлцээд байх боломж үгүй, шаардлага ч үгүйг ойлгосон.

Тэгэхээр үндэсний аюулгүй байдал гэж Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа, монгол хүний эрүүл, амьд явах үндсэн нөхцөл байдлыг хэлж байгаа юм. Тусгаар тогтнол гэдэг нь тухайн орон төрийн бодлогоо өөрөө, бусдын хараа хяналтгүйгээр шийдэхийг хэлдэг. Дахин хэлье, Жишээ нь хүнс тэжээлийн хүрэлцээ хомсдож, өлсгөлөн нүүрлэхдээ тулбал Үндэсний аюулгүй байдалд аюул учирсан хэрэг мөн. Харин аль нэг дэлгүүрт эрүүл мэндийн шаардлага хангахгүй хүнс зарж байгаа бол хүнсний аюулгүй байдалтай холбогдоно. Манайхан үүнийг их хольж хутгадаг.

Төрийн институцүүдийн тасралтгүй гацаагүй үйл ажиллагаа бол тухайн улс орны аюулгүй байдлын маш чухал бүрэлдэхүүн хэсэг. Монгол Улсын төрийн үйл ажиллагааны механизмыг Үндсэн хууль болон бусад дагалдах хуулиар тодорхойлсон байдаг. Гэвч олон зүйл заалт нь хоорондоо зөрчилддөг, нэг нь нөгөөгөө үгүйсгэдгээс гадна олон үйлдлийн механизм нь тодорхой бус байдгаас болж төрийн механизм гацах явдал элбэг үзэгдэл болжээ.

Төрийн тасралтгүй ажиллагаа гэдэг ойлголтыг ч сайн сурталчилмаар санагддаг. Хүний зүрх тасралтгүй цохилж байж амьд явдаг шиг төр өөрөө тасралтгүй ажиллаж байж үүргээ биелүүлж, үүргээ биелүүлж буй төр дээр үндэстний аюулгүй байдал оршин тогтнодог гэсэн үг юм даа. Та нар мэдэж байгаа, төрийн зарим албатууд ажлаа өгөхгүй гэж тамгаа авч зугтаадаг даа. Яг нарийндаа төрийн тасралтгүй ажиллагаан саад учруулж л байгаа хэрэг юм. Монголчууд “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэж сургаж ирсэн нь нь төрийн ажил алба чиний хүсэл санаархлаас хамаарахгүй үргэлжилж байх учиртай гэсэн санаа бололтой юм.

Тэмдэглэн хэлэхэд, Монгол Улс гадаад, дотоодоос аюулгүй байж, төр нь хэвийн ажиллах хүрээг хамарсан дээрх таван асуудал бол Монголын төр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байнга анхааралдаа байлгаж байх ёстой асуудлууд юм. Үүнээс гадна хүний хүчин зүйл, цаг агаарын өөрчлөлт, олон улсын харилцаанаас шалтгаалсан шинэ шинэ сорилтууд ч гарч ирж байдаг. Газар хөдлөх, агаарын бохирдол, мэдээллийн аюулгүй байдал гэх мэт.

-Парламентаас хууль баталж, Ерөнхийлөгч зарлиг буулгаж, Засгийн газраас тогтоол гардаг. Харин ҮАБЗ ямар шийдвэр гаргадаг вэ гэдгийг мэдэх нэг нь ч мэдэж л байгаа. юмыг яаж мэдэх вэ, мэдэхгүй хүн ч байж мэднэ.

-Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн манай төрийн дээд институцүүд бие даан шийдвэрлэх боломжгүй аливаа асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцээд шийдлийг зөвлөмж, тэмдэглэл хэлбэрээр гаргаж байдаг. Нэгэнт гарсан шийдвэрийг Улсын Их Хурлаасаа авахуулаад төрийн захиргааны бүх шатны байгууллага биелүүлэх үүрэгтэй, тийм хуультай. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь улс төрийн зөвшилцлийн дээд байгууллага юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нараас бүрдэх бөгөөд зөвхөн санал нэгтэй шийдвэрлэсэн асуудлыг л албажуулдаг. Хуулиа тодорхой гаргаж чадвал ҮАБЗ нь улс орныг нэгдсэн удирдлагаар хангах гол хүчин зүйл болж чадах юм.

ХОЁР. ДАРГЫН ҮҮДЭНД СУУХ БА ТӨРИЙН ҮҮДЭНД СУУХ...

-Тэгвэл ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга бол том даргын үүдэнд суудаг “нарийн бичиг”-ээс өөр юмаа гэдгийг ойлгож байна. “нарийн бичиг бүсгүй” даргынхаа үүдэнд суудаг бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга төрийн үүдэнд суудаг гэвэл ямар сонсдож байна.Яг хариуцсан ажлын хүрээ нь хаа хүрдэг вэ?

- Албан ёсны нэр нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга. Албан ёсны нэрнээс бүх юм ойлгогдох байх. Харин албан ёсны нэрийг юутай, хэрхэн зүйрлэх нь таны хэрэг.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг зохион байгуулах,шийдвэрийн төслийг бэлдэх, гарсан шийдвэрийг албажуулах, хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга хариуцдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шийдвэр гарсан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чиглэл өгсөн тохиолдолд Улсын Их Хурлын дэд дарга нар, Байнгын хороодын дарга нар, Засгийн газрын Шадар сайд, сайдууд, агентлагийн дарга нарыг урьж ирүүлэн асуудлыг танилцуулах бөгөөд, хамгийн ярвигтай нь биелэлтэнд нь хяналт тавих, түүний араас хөөцөлдөх. Эрхэм гишүүдтэй “ажиллана” гэдэг болхүсээд байх ажил биш.

Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд бэлдэх, Зөвлөлийн Тэргүүн,гишүүдийг мэдээллээр хангах, судалгаа шинжилгээ хийх, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн ажлыг Ажлын албаны дарга, ажлын албаны бие бүрэлдэхүүн хариуцан гүйцэтгэж байдаг. Өнгөрсөн 8 жилд миний бие ажлын албаны 4 даргатай ажиллаж иржээ. Анхны дарга маань Б.Хурц. Монгол төрийн аргагүй л хурц түшмэл. Цаашдаа үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад их үүрэг гүйцэтгэх хүн гэж боддог. Дараагийн дарга Ч.Өнөрбаяр. Энэ залууг МУИС-ийн хуулийн багш байхад нь би ажлын албандаа референтээр авч байсан. Маш чадалтай хуульч. Тиймээс ч Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр явсан. 3 дахь дарга маань Б.Билигт. Бид хоёр 1989 оны өвлөөс ардчиллын төлөө хамт тэмцэж ирсэн. Монголын Ардчилсан Холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Түүний дараагийн дарга О.Очиржав. Мэргэжлийн дипломатч, олон улсын хуульч. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга, Энэтхэг, Турк Улсад Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар ажиллаж байсан. Ерөнхийлөгч түүнд их гаршсан, намайг дуудахаасаа илүү Очироог хажуудаа байлгах дуртай байлаа.

-Та энэ ажил албыг найман жил хашсан байна. Хийсэн ажлаа яримаар л байгаа байх. гэхдээ адилхан сэтгүүлч улс байна, тийм боломж байдгүйг мэднэ. Харин 2009 оноос үаб-ын үзэл баримтлал шинэчлэгдсэн нь ямар учиртай юм бэ. энэ бол хүн солигдохоор дагаад л өөрчлөгдөж байдаг тийм зүйл арай биш болов уу гэж бодоод асууж байна.

-Бид 2009 оноос манайд гарсан улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, дэлхий нийтийн чиг хандлагад тулгуурлан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж Улсын Их Хурлаар батлуулсан. Энэ Үзэл баримтлал маань Үндсэн хуулийн дараа орох чухал баримт бичиг гэж бид үздэг. Ямар ч бодлого, айл өрхийн төсөв хүртэл орлогынхоо өсөлт бууралтыг даган хувирч байдаг шиг ҮАБ-ын бодлого ч цаг цагийн онцлогт тулгуурлан агуулга нь баяжиж байдаг, ийм шинэчлэл хийгдэх олон улсын болон дотоодын нөхцөл бүрдсэн байсан. Ер нь бол өөрчилсөн биш шинэчилсэн гэж байгаа.

Мөн Шуурхай мэдээллийн алба гэж байсныг зөвхөн аюул гамшгийн тухай мэдээлэл бэлдэхээс илүү улс орны аюулгүй байдлын дотоод болон гадаад нөхцөл байдал, онцлох үйл явдлын тухай мэргэжлийн үүднээс дүн шинжилгээ хийсэн мэдээллээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хангах үүднээс Мэдээлэл, дүн шинжилгээний алба болгон өөрчлөв. Мэдээлэл, дүн шинжилгээний албанаас өдөр тутмын Шуурхай мэдээ, Төв Азийн газар зүйн мэдээ, Дэлхий нийтийн анхаарлын төвд, Эдийн засгийн мэдээлэл зэрэг брошюруудыг байнга гаргаж ирсэн. Энэ бүхнийг эхлүүлэхэд МДША-ны дарга байсан доктор Ц.Даваадорж их үүрэг гүйцэтгэсэн. Одоо Тагнуулын академийн захирал хийж байгаа.

Монгол төрийн залгамж чанарыг бодолцож Стратреги судалгааны хүрээлэнгийн дэргэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд асан хүмүүсээс бүрдсэн Бодлогын зөвлөлийг байгуулан ажиллуулж эхлэв. Төрийн бодлогыг барьж явсан хүмүүсийн туршлага үргэлж хэрэгтэй байдаг.

Манай улсын үндэсний аюулгүй байдал гадаад орчноос ихээхэн хамааралтай, тэр тусмаа хоёр хөршийнхөө аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Иймээс бид гадаад харилцааг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч, харилцан мэдээлэл солилцож байх зорилгоор ОХУ, БНХАУ, Израиль, Франц, Польш, Турк, Вьетнам, Энэтхэг, Япон, БНСУ зэрэг орнуудын аюулгүй байдал эрхэлсэн байгууллагуудтай ажил хэргийн холбоо тогтоож бие биенээ дэмжин ажиллаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүргийн байгууллага, тэдний удирдлагын үүрэг, хариуцлага онцгой чухал юм. Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэрэг, Цагдаа, Тагнуул, ШШГЕГ, Онцгой байдлын дарга нартай нэгдмэл нэгэн баг болж байнга уулзалдаж, хамтарч ажиллаж ирлээ. Улс оронд онц аюултай нөхцөл байдал бий болох тохиолдолд зангидсан гар мэт байж, цаг хугацаа алдалгүй, эрчтэй, эвсэг ажиллаж байх зорилгоор дээрх байгууллагуудыг оролцуулсан команд штабын сургалтыг жил бүр зохион байгуулж ирлээ.

Үүнтэй уялдуулан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, түүний дагуу батлан хамгаалах багц хуулиуд батлагдахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба голлох үүрэгтэй оролцсон. Батлан хамгаалах бодлогын үндэс батлагдсанаар олон жилийн турш улс төрийн маргааны сэдэв болж байсан цэргийн байгуулалтын асуудал тодорхой болж, нэг мөр шийдэгдсэн. Мөн түүнчлэн Батлан хамгаалах салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрэн утгаар нь тодорхойлж, төрийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа, холбоо, нэгдмэл байдал хангагдах эрх зүйн орчин тодорхойлогдож, батлан хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, засаг захиргааны нэгж, иргэдийн үүрэг, оролцоог хангах, нийт иргэдийг эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах эрх зүйн орчин илүү тодорхой, ойлгомжтой болсон.

Монгол Улсын дархан хилийг хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж буй хилчин дайчдын ажил байдалтай газар дээр нь танилцах зорилгоор 2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас баг гаргаж Дэлүүн Болдогоос эхлэн Дорнын их тал, Шилийн Богд, Өмнийн шаргал говь, Алтайн уулс, алс баруун хязгаар, Увс, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний хөвөөгөөр эх орныхоо хилийн дагуу 8300 км аялж, хил орчмын бүхий л анги, отряд, заставуудаар орж ирсээн. Монголоо ингэж бүтэн тойрно гэдэг миний хувьд мартагдашгүй аз завшаан байлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, ажилтнууд аль аль нь ирээдүйд учирч болох шинэ шинэ сорилт, аюул заналын тухай төсөөлөлтэй байж, түүнийгээ логик үндэслэлтэйгээр тогтмол баталгаажуулж байх хэрэгтэй. Аливаа асуудлын цар хүрээг бага гэж орхилгүй, шалгаж, нягталж байх нь бидний мэргэшлийн илэрхийлэл болох юм.

Ийм ч учраас улс орны маань локомотив болсон нийслэл хотоо газар хөдлөлийн гамшиг, агаар, ус, хөрсний бохирдлоос сэргийлж, шинэ суурьшлын бүс байгуулах, хүн амыг дагуул хотуудаар тархаан байршуулах зорилгоор тусгай баг гарган хэд хэдэн удаа судалгаа шинжилгээг хийж явсан билээ.

Мөн 2040 он гэхэд дэлхий даяар усны нөөц эрс багасах тухай НҮБ, олон улсын шинжээчдийн дүгнэлтэнд манай улсын төөрөг тун ч тааруу байгааг бид мэдэх билээ. Тиймээс Хангай, Хэнтий, Хөвсгөлийн усны хагалбар газар, эх үүсвэрийг одооноос хайрлан хамгаалах үүднээс “Байгалийн нөөцийн үндэсний парк” байгуулах тухай зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр гаргуулсан боловч хэрэгжилт нь нэг тиймхэн явж байна. Яг л хавар болохоор утаагаа мартдаг шиг. Энэ асуудлыг мартана гэдэг хойч үеэ ундны усгүй орхиж байгаатай адил юм.

ГУРАВ. МОНГОЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ ДЭЛХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГ ХЭСЭГ

-Эргээд улс төр лүүгээ орж ярья. дэлхий хавтгай болж байна гэдэг нь хүн төрөлхтөн бие биенээсээ илүү их хамааралтай болж байна л гэсэн санаа. Энэ бол монголчууд улс дотроо сайхан суух нэг хэрэг, харин гадаадын улс орнуудтай сайн явах хэрэгцээ илүү их боллоо гэсэн үг байх, мөн үү?

-Ёстой доо, тэгэлгүй яах вэ. Тэр тусмаа манай орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал гадна талаасаа маш их хамааралтай байдаг. Өнгөрсөн найман жилийн хугацаанд би нэг Ерөнхийлөгч, УИХ-ын гурван дарга, таван Ерөнхий сайдтай хамтран ажиллаж иржээ. Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бие даасан байдлыг хариуцаж байдаг. Тиймээс Монгол Улсын гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаа нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бодлого, хичээл чармайлттай салшгүй холбоотой явж ирсэн.

Манай улсын үндэсний аюулгүй байдал гадаад орчноос ихээхэн хамааралтай өнөөгийн нөхцөлд Дэлхийн ардчилсан орнуудын нийгэмлэгийг тэргүүлж, Ази, Европын улс орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж, ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нартай гурван улсын тэргүүн нарын уулзалтыг жил бүр зохион байгуулж байсан нь Хубилай хаанаас хойш анх удаа хийгдэж байгаа Монгол төрийн агуу их амжилт билээ.

-Та Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн нэг. Та өөрийгөө аль хэр гавьяатай гэж боддог вэ, Хувьсгалыг эр зоригтнууд хийдэг гэдэг. Та их зориг зүрхтэй хүн мөн үү.

-Та, гурван өөр асуулт нэг зэрэг асуучихлаа. Иймээс нэг нэгээр нь хариулъя. Ардчилсан хувьсгалд оролцсон минь үнэн. Гэхдээ 1990 оны ардчилсан хувьсгал бол монголчуудын үндэсний чин зориг, үзэл санааны илэрхийлэл байсан. Энэ үзэл санаагаараа туг хийж, хамгийн түрүүн тэмцлийн талбай дээр ирсэн хүмүүсийн нэг байсан уу гэвэл, тийм юмаа.

Хэн нэгэн эхлүүлэхгүй бол хувьсгал эхэлдэггүй, ийм учраас ардчиллын төлөө хамтран зориглосон нөхдөөрөө бахархдаг. Бас хэн ч дэмжихгүй бол хувьсгалын түүдэг бөхдөг. Ардчилсан хувьсгалыг нийт үндэстний үйл хэрэг хэмээн халуунаараа дэмжин хүрээлсэн монголчууддаа бахаддаг.Тухайн МАХН-ынхан нь удирдагчаасаа авахуулаад бүгд дэмжсэн.

Хувьсгал ялбал хүүхдүүд нь баатар болдог, ялагдвал тэд буруутдаг. Гэхдээ яг хувьсгалын өдрүүдэд энийг бодох сэхээтэй хүн байдаггүй. Амь нас, эрүүл мэнд, гэр бүл гээд үнэ цэнэтэй бүхнээрээ дэнчин тавин эрсдэл хийж байгаагаа мэддэг ч байсан. Гэхдээ, цаашдаа ингэж амьдарч чадахгүйгээ ухаарсан, шинээр амьдрахаас өөр замгүй гэдгээ мэдэрч зориглосон улс л байсан.

Ийм болохоор надад ардчилсан хувьсгал ялбал би ингэнэ, тэгнэ гэсэн бодол байгаагүй, одоо ч хэвээрээ. Харин надад “Хэрвээ би л зориглохгүй юм, хэрвээ бид л зориглохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй юм байна” гэсэн ухаарал, зориглол байсан. Одоо ч байгаа.

ДӨРӨВ. БЯРГҮЙ Ч ГЭСЭН ШАНТАРДАГГҮЙ БОЛ БААТРУУД

-Гол нь эр зоригийн тухай л асуух гээд хувьсгал энэ тэр лүү орсон юм ш дээ.

-Зориг зүрх олон янз байдаг болов уу. Тэр хэрээр “Зоригтой” гэдэг үгийг ч хүмүүс олон янзаар тайлбарлах байх. Хэнтэй ч хэрэлдэхээс буцахгүй явахыг зориг гэж зарим нь харж харж байхад, хэзээ ч зодолдохоос сийхгүй нэгнээ эр зоригтноор тооцох нь байж л байгаа. Харин тодорхой зорилго, үзэл санааны төлөө амьдрах, тэрнийхээ төлөө амьдралаа золихоос буцахгүй байхыг эр зориг гэдэг байх. Ийм зоригтой хүмүүс л эх орныг авч явдаг. Ийм эр зоригтой хүн заавал далайхад дальдардаггүй, эсвэл аймаар бакь бие хаатай байх албагүй. Харин ч сул дорой юм шиг атлаа шантардаггүй хүн олон. Ийм хүмүүстэй л хамт явж байсан. Үнэний төлөө өөрийгөө золихоос буцахгүй байх нэг хэрэг. Энэ бол эр зориг. Харин хувийнхаа эрх ашгийн төлөө, өөрийнхээ төлөө юу ч хийхээс сийхгүй байх бол бүүр тусдаа хэрэг биздээ.

-Нийгэм хямарч, эдийн засаг доройтож байна. Олны дунд хуучин тогтолцоог үгүйлэх,өнөөгийн байдалдаа эргэлзэх явдал ч гарч байна...

-Өнгөрсөн түүхийг “тэгсэн байна” гэж хардаг, сургамж авдаг. Харин “Тэгсэн бол” гэж эргэлзэх, “дахиад эхлэх” боломж байдаггүйг бид мэднэ. Цаг хугацааг буцааж болдоггүй. Мэдэхгүй учраас буруу юм ярих нэг хэрэг, харин мэдсээр байж буруу ярих бол тусдаа. Тэгэхээр хоёулаа “тусдаа” юм яриад яах вэ.

-Уучлаарай, шуудхан хэлэхэд “Ардчилаад жаргана гэсэн чинь хаа байна” гэсэн шахуу асуулт сонсдох боллоо.

-Юуны өмнө ардчилал бол хөгжлийн зам болохоос коммунизм энээ тэрээ гэж төсөөлж явсан шиг хөгжлийн шат биш. Ардчилал бол аз жаргалд хүрэх боломж болохоос аз жаргал яг өөрөө ч бас биш юм гэмээр юм уу. Яг л “ухаант хүний биеийг олж төрсөн гайхамшигт чөлөө учрал” гэдэг шиг ч юмуу, тийм л юм.

Ардчилал бидэнд өөрийнхөөрөө байх, хувь заяандаа эзэн байх боломж л өгсөн. Манайхан “хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг дээ. Бид хүний эрхэнд жаргахыг хүсээгүйдээ ардчилсан хувьсгалыг хийсэн байх. Сүүлийн гучаад жилийн жаргал ч бидний бүтээл, ямар ч улс гүрэн энэ жаргалыг бидэнд бэлэглээгүй. Бас гучаад жилийн зовлон, бэрхшээл ч бид өөрийн эрхээр бүтээсэн зовлон. Ямар ч улс гүрэн биднийг ирж зовоогоогүй, ийм л юм.Иймээс өөрийн эрхээр олсон зовлонгоо өөрийн эрхээр шийдээд л цаашаа явахаас өөр замгүй.

Ардчилал бол боломж. Боломжийг ашиглах нэг хэрэг. Хэрвээ хавар болохгүй байвал үнэхээр гамшиг мөн. Харин хавар ирдгээрээ ирээд байхад үрээ суулгахгүй залхуураад, төлөө бойжуулахгүй алдаад, эцэст нь хаврыг буруушаах хэрэггүй байдаг шиг ч юм уу...

Чиний саяын асуултад “Хүний эрхэнд жаргаж байсан нь сайхан” санагдаад байдаг хүн ч байгаа л байх. Бас “Хүний эрхэнд жаргамаар” санагдаад байгаа хүн ч байгаа л байх. Харин үүнийгээ ярьж болдог болсон нь бас ардчиллын буян юм даа л гэж хариулмаар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин