ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга БНСУ, Япон Улсад албан ёсны айлчлал хийв

Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2015 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын албаны дарга, аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Ким Квон Жинийн урилгаар албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын албаны дарга, аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Ким Квон Жинтай танилцах уулзалт хийж, хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын ажил хэрэгч харилцаагаар баяжуулан хөгжүүлэхээр тохиролцоонд хүрэв. Мөн энэ 12 дугаар сард БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ангийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалтай холбогдуулан зарим асуудлаар санал солилцов. 

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 12 дугаар сарын 3-4-ний хооронд Япон Улсад албан ёсоор айлчилж, Японы ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шотаро Ячитай хэлэлцээ хийв. Хоёр тал Монгол, Японы харилцаа өндөр түвшинд өргөн хүрээтэй хөгжиж, түүний дотор ҮАБЗ хооронд ажил хэрэгч харилцаа тогтож, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд цаашид дээд, өндөр хэмжээний яриа хэлэлцээ, стратегийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав. Мөн Монгол, Японы гадаад бодлого, аюулгүй байдал, бүс нутгийн тодорхой асуудлаар санал солилцов.

Айлчлалын үеэр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэд бараалхав. Ш.Абэ Япон, Монголын Стратегийн түншлэлийн хөгжил, түүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Шинзо Абэ нарын итгэмжилсэн дотно харилцааны гүйцэтгэж буй үүрэгт сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. 

Тэрээр Монгол Улсын ардчиллыг Япон Улс идэвхтэй дэмжиж ирсэн, цаашид эдийн засгийн тогтвортой хөгжлийг онцгойлон дэмжиж, хамтарч ажиллана гэв. Мөн хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ төлөв нээж байгааг тэмдэглэв. 

Японы ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шотаро Ячи

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын албаны дарга, аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Ким Квон Жин