Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бэлгэ тэмдэг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бэлгэ тэмдэг /цаашид “Зөвлөлийн бэлгэ тэмдэг” гэх/ нь “Монгол Улсыг дөрвөн зүг найман зовхис бүрээс ирж болзошгүй аюулаас сэрэмжлэн хамгаалагч-Од” гэсэн утгыг бэлгэднэ.
Зөвлөлийн бэлгэ тэмдэг нь баруун хийгээд зүүнээ төрийн далбааны улаан-хөх-улаан өнгөний бэлгэдэл, дээд хийгээд доод биедээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэсэн бичигтэй гурамсан хээгээр хөвөөлсөн наран хүрээтэй, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Бэлгэ тэмдгийн төв хэсэгт зүг зовхисын аюул бүхнээс сэрэмжлэн хамгаалах ирт мэснээс бүтсэн цагаан-алт одны дээд хөх дэвсгэр бүхий алтан хүрээний дотор Монгол орон, төр, түмнийг бэлгэдэх алтан соёмбо гялалзана.
Энгэрийн тэмдэг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалтны энгэрийн тэмдэг (цаашид “Энгэрийн тэмдэг” гэх) нь Зөвлөлийн гурван гишүүн, тэнгэр, газар, хүн гурав, өнгөрсөн, өнөө, ирээдүй гурван цаг, арван зүгт атгасан гар луугаа эв зохилдонгуй, харшлах саадгүй бат амгалан оршихыг бэлгэднэ.
Энгэрийн тэмдэг нь бүх өнгийн нэгдэл болсон хар өнгийн адил талт гурвалжин дэвсгэр дээр төрийн алтан жолоог бэлгэдсэн алтан өнгийн зөв эргэсэн гурван гурвалжин хас тэмдэгтэй байна.