Стратегийн судалгааны хүрээлэн

 

Зөвлөл нь үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд онцгой ач холбогдол бүхий чиглэл,  дотоодын болон олон улсын үйл явдал зэрэг шаардлагатай гэж үзсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах, судалгаа явуулах эрдэм шинжилгээний бие даасан нэгжтэй байж болно гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд заасан. 

Стратегийн судалгааны хүрээлэн нь Үндэсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагаа, улс орны хөгжлийн стратегийг боловсруулах, дэлхий нийтийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс хоорондын харилцаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эерэг, сөрөг хүчин зүйлсийг цогцоор судлан дүн шинжилгээ хийх, төрийн бодлогын стратегийн чиглэлийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, санал, зөвлөмжөөр хангах зорилготой байгууллага юм.

Монгол орны үндэсний аюулгүй байдлыг олон улсын цэрэг-стратегийн байдалтай холбон судлах зорилго бүхий Стратегийн судалгааны төвийг Цэргийн түүхийн хүрээлэнгийн дэргэд БХЯ-ны сайдын тушаалаар 1990 онд анх байгуулан Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 96 дугаар тогтоолоор Стратегийн судалгааны хүрээлэнг Батлан хамгаалах яамны харьяаллаас ҮАБЗ-ийн харьяалалд шилжүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэд “Монгол Улсын  аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөл”-ийг 2010 онд байгуулж, түүний бүтэц, бүрэлдэхүүнийг өргөтгөсөн байна.

Тус хүрээлэн нь  “Стратеги судлал” сэтгүүлийг улирал тутам гаргаж аюулгүй байдал, олон улсын харилцаа, батлан хамгаалахын зэрэг салбарт ажиллаж буй эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлэн нийтэлдэг.

Мөн  “Regional Security Issues and Mongolia” - англи хэл дээр  тухайн жилд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл, чухал хурлын материалыг эмхтгэсэн орчуулгыг хэвлэдэг. Тухайн жилд бүс нутагт болсон үйл явдалд дүн шинжилгээ хийж, нөлөөлж болзошгүй гадаад хүчин зүйлийн динамикийг тоймлосон “Олон улсын байдал ба Монгол Улс” бүтээлийг жил бүр эмхтгэн гаргаж байна.

http://iss.gov.mn