Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Аюулгүй байдлын салбарын удирдлагын олон улсын дээд хэмжээний 5-р уулзалтанд оролцлоо

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Татарстан  улсын нийслэл Казань хотод болсон Аюулгүй байдлын салбарын удирдлагын олон улсын дээд хэмжээний 5-р уулзалтанд оролцлоо. Тус уулзалтыг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл зохион байгуулсан бөгөөд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хар тамхи, иргэдийн хууль бус шилжилт хөдөлгөөний гэмт хэрэгтэй тэмцэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт шинэ салбар болох ”нийлэг биологи” /synthetic biology/-ийн эрсдэлийн тухай асуудлуудыг хэлэлцэв. 

Олон улсын уулзалтын үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев болон БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Зяньжутэй тус тус уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны тухай санал  солилцсон болно. Мөн тус уулзалтанд оролцсон Филиппин, Киргизстан улсын төлөөлөгчидтэй уулзаж аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.