Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн биелэлт, хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Уг үйл ажиллагааны үеэр Монгол Улс дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглагдаж буй техник хэрэгсэл болон “Сургалт мэдээллийн тэнхим”-ийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагыг чадавхжуулах, алба хаагчдыг мэргэшүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.