Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын урилгаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд А.Гансүх, Н.П.Патрушев нар ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцаж, аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах чиглэлээр цаашид хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцов. Мөн зөвлөгөөнд оролцсон хоёр талын зарим төлөөлөгч өөрсдийн хариуцсан салбарын хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл тавьж, тодорхой чиглэлээр хамтарч ажиллах санал дэвшүүлэв.
А.Гансүх, Н.П.Патрушев нар Монгол Улс, Оросын Холбооны Улс нь уламжлалт сайн хөршийн харилцаа хөгжүүлж ирснийг тэмдэглээд хоёр улсын аюулгүй байдлын асуудал нь харилцан уялдаатай гэдэгтэй санал нийлж, олон улсын харилцаа, бүс нутгийн зарим асуудлаар харилцан бие биенээ дэмжихийн чухлыг онцлов.