Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга "Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн өндөр, дээд албан тушаалтны олон улсын VIII чуулга уулзалт"-д оролцов

2017.05.26

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2017 оны 5 дугаар сарын 22-26-нд Оросын Тверь мужид ОХУ-ын Аюулгүйн зөвлөлөөс зохион байгуулсан Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд албан тушаалтны олон улсын VIII чуулга уулзалтад оролцов. Монголын талаас тус уулзалтад Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, тус ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Ганболд, ҮАБЗ-ийн ажлын албаны референт Л.Болдбаатар нар оролцов.

Уулзалтад нийт 95 орны төлөөлөгч оролцож, нэгдсэн хуралдаан, дугуй ширээний ярилцлага, хоёр талын уулзалтууд гэсэн хэлбэрээр явагдав. Нэгдсэн хуралдаанд “Олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга зам ба орчин үеийн технологийн үүрэг оролцоо”, “Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд” гэсэн үндсэн хоёр чиглэлээр үндсэн болон хавсралт илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв. Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин хоёрдугаар хэлэлцэх асуудлын хүрээнд “Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр үг хэлж, “өнгөт хувьсгал”-ын асуудлаар болсон дугуй ширээний ярилцлагад оролцов.

Тус уузалтын хүрээнд Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны Нарийн бичгийн дарга Мэн Зяньжу нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

4e1c9fb5a5d.jpg