Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан айлчлал, хэлэлцээний хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол болж өндөрлөв.
Талууд хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор Цэргийн салбарт хамтран ажиллах тухай, Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрүүд, Хамтын ажиллагааны тухай хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын протокол зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгууллаа.
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны тухай протокол”-ыг Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Амаржаргалын Гансүх, Киргизийн талаас тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дамир Сагынбаев нар үзэглэв.
Эх сурвалж: president.mn