Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтон 2019 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд Монгол Улсад айлчилж байна. Энэ нь Цагаан ордны ҮАБЗ-ийн ахлах албан тушаалтны манай улсад хийж буй анхны айлчлал юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй Ноён Элчин сайд Жон Болтоныг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох тээвэрлэлтийн нөхцөл, түүнийг сайжруулах, урсгал чиглэлийг нэмэгдүүлэх асуудлыг голчлон хөндөж ярилцлаа. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-БНАСАУ-ын дараагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтойг, Элчин сайд Жон Болтон уг саналыг анхааран судалж үзэхээ мэдэгдэв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга А.Ундраа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески зэрэг албаны хүмүүс байлцав.
Эх сурвалж: ikon.mn