Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдав.
“Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа – залгамж чанар” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус эрдэм шинжилгээний бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын дарга нар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үе үеийн удирдлагууд, шинжээчид, аюулгүй байдал судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлууд болон аюулгүй байдлын судалгааны чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид уригдан оролцов.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр тус бага хурлыг нээн хэлсэн үгэндээ, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчин хувьсан өөрчлөгдөж буй энэ үед үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог улам төгөлдөржүүлж, энэ чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг улам боловсронгуй болгох шаардлага үүсэж байгааг цохон тэмдэглэв.
Тус бага хуралд уригдан оролцсон албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар өөрсдийн байр суурь, санаа бодлыг хуваалцаж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.