Энэ сарын 27-ны өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөх төв (Advisory Center on WTO Law, ACWL)-ийн Гүйцэтгэх захирал Ниалл Меагхертай уулзан тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцаа, хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөх төв нь 2001 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд үйл ажиллагааны үндсэн зорилго нь хөгжиж буй улсуудад Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн болон маргаан шийдвэрлэх асуудлаар дэмжлэг, зөвлөгөө өгөх, энэ чиглэлээр хууль, эрх зүйн сургалт зохион байгуулахад оршдог.
Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр бусад гишүүн оронтой нэн тааламжтай үндэстний нөхцөлөөр худалдаа хийх боломжтой болж, шаардлагатай мэдээллээр чөлөөтэй хангагдах, хоёр талын худалдаанд тулгарч буй асуудалд олон талт механизмыг ашиглах, байгууллагын техникийн туслалцааг авах боломж нээгдсэн.
Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөх төвд элссэнээр дээрх боломжийг бүрэн ашиглахад дэмжлэг болохын сацуу гадаад худалдаатай холбоотой гарч болох аливаа маргаанд манай улсын үндэсний эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой болох юм. Түүнчлэн зөвлөх төвд элссэнээр олон улсын худалдаа, Дэлхийн худалдааны байгууллагын чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, тэдний мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх боломж бүрдэх юм.