Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох бөгөөд дагалдан яваа монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал ажиллаж байна.
2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.К.Шойгу нар Москва хотод хоёр талын уулзалт хийв.
Тус уулзалтын үеэр нарийн бичгийн дарга А.Бямбажаргал оросын талд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэж, энэхүү ялалт нь хоёр орны уламжлалт сайн харилцааны мөнхийн бэлгэ тэмдэг гэдгийг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлдэг. Ингэхдээ ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт юм” хэмээн мэдэгдэв.
Талууд Монгол-Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.