Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга “Мах хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлгийг нээж үг хэлэв

2019.05.06

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болж байна.

Хэлэлцүүлгээр Монгол Улсад тулгамдсан асуудлуудын нэг болох мах, хүнсний ногооны хангамж, түүний баталгаат байдлын асуудлыг хэлэлцэж, цаашид хийх ажил, гаргах шийдлүүдийн саналыг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах байгууллагуудад хүргэх аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: "... Хүнсний салбарын бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны чиглэл нь өөр хоорондоо уялдаа холбоогүй, нэгдсэн удирдлагаар хангагдаагүйн улмаас хүнсний аюулгүй байдлыг тодорхойлдог  тулгуур тогтворгүй байдалд орсон. ... Хүнсний аюулгүй байдлыг хангах нь бүх нийтийн асуудал бөгөөд үүнээс ангид нэг ч хүн, нэг ч байгууллага байх ёсгүй." гэв. 

Эцэст нь тэрбээр, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмж, гарц шийдлийг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэхийн төлөө Засгийн газарт үүрэг чиглэл өгч, хамтран тууштай ажиллахаа мэдэгдэв. Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал суурь шаардлагуудыг бүрэн хангах хэмжээнд биш байна. ... Хүн амаа аюулгүй, баталгаат хүнсээр бүрэн, тогтвортой хангахад төр, төрийн бус байгууллагууд, энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн, мөн хэрэглэгчид ч анхаарах, тал талын идэвхтэй хариуцлагатай оролцоо чухал болоод байгааг сануулъя.