Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга зарлиг гаргаж, төрийн дээд шагнал хүртээлээ

2021.05.28

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулагдсаны 29 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, үндэсний аюулгүй байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад одон, медаль хүртээлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд шагнал гардуулж хэлсэн үгэндээ:

"Сайн байцгаана уу?

Улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан хаагчдадаа Төрийн тэргүүний хувиар төрийн дээд шагнал, Аюулгүйн зөвлөлийн тэргүүний хувиар Зөвлөлийн "Хүндэт тэмдэг" гардуулж байгаадаа баяртай байна.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг ерөөж, баяр хүргэе.

Үндэсний аюулгүй байдлын баталгаа нь Монголын ард түмэн бөгөөд энэхүү баталгааг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зөвлөлдөх дээд байгууллага нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл билээ. Миний бие Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн бүрэн эрхийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж ажиллалаа.

Энэ хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүний хувиар зөвлөлийн гишүүдийн нэгдмэл байдлыг хангаж, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрхэмлэж ажилласны үр дүнд хуулийн засаглал, шударга ёсны тэмцлийн эхлэлийг тавьсан, байгалийн баялгийн шударга хуваарилалт, тэтгэврийн зээлийг тэглэсэн, төмөр замын бүтээн байгуулалт, цар тахлын эсрэг шийдвэртэй, зохион байгуулалттай арга хэмжээ, Орос-Хятадыг холбосон байгалийн хийн хоолойн асуудал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу гадаад харилцаа, улс төр дипломатын аргаар тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангаж чадсан зэрэг улс орны аюулгүй байдал, ард иргэдийн эрх ашгийн талд олон чухал шийдвэр гаргаж, амжилттай ажиллаж чадсаны гэрч нь Та бүхэн мөн.

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг бөхлөн хадгалж, сэргэмжлэн хамгаалах онц хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр биелүүлж ирсэн Та бүхэндээ баярлалаа.

Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг бүрийн тулгамдаж буй асуудал, сорилт, эрсдэлийн шийдэл, хангах арга замыг цаг алдалгүй тодорхойлон, шаардлагатай зөвлөмжийг холбогдох газарт хүргүүлж байх үүрэг хариуцлага, цаг үеийн шаардлагыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэслэн хэлэлцэн зөвлөж байх үүргээ ямагт хариуцлагатайгаар биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамт олны ажлын амжилт Монгол Улсын үндэсний эрх ашигтай шууд уялдаатай байдаг. Та бүхэнд ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ашид бэхжин батжиж байх болтугай" гэлээ.

Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан хурандаа генерал Сономын Лувсангомбо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц нарт Зөвлөлийн “Хүндэт тэмдэг” гардууллаа.

d3k9q5o.JPG

m3js9g6.jpg