Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийж, баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсний дагуу өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн ордонд хүрэлцэн ирлээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчилэв.
Төрийн тэргүүн нар Цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлээд Монгол болон Оросын талын төлөөлөгчдийг харилцан танилцууллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга А.В.Гордеев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песков, Эрчим хүчний сайд А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.С.Орешкин, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Батлан хамгаалахын орлогч сайд А.В.Фомин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нарын төлөөлөгч багтаж байна.
Эх сурвалж: president.mn