Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид өнөөдөр /2019.06.14/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын
- Анхдугаар уулзалт 2014 оны 9-р сарын 11-ний өдөр Тажикистаны Душанбе хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр,
- Хоёрдугаар уулзалт 2015 оны 7-р сарын 9-ний өдөр ОХУ-ын Уфа хотноо,
- Гуравдугаар уулзалт 2016 оны 6-р сарын 23-ны өдөр Узбекистаны Ташкент хотноо,
- Дөрөвдүгээр уулзалт 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Чиндао хотноо тус тус болж байсан бол
- Тавдугаар уулзалт өнөөдөр буюу 2019 оны 6-р сарын 14-ний өдөр Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид боллоо.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс даргалж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг угтан, гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буйг онцлон тэмдэглэв.
ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм...
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлсэн үгэндээ эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн Ерөнхийлөгч В.В.Путин Улаанбаатар төмөр замыг шинэчилж, дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гэдгээ хэллээ. БНХАУ-ын хувьд ч гэсэн гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь чухал гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлж, төмөр замын шинэчлэл нь тэргүүлэх чиглэлийн төсөл хэмээв.
Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлж, уулзалтыг ажил хэрэгч, бүтээлч боллоо хэмээн дүгнэлээ.
Эх сурвалж: president.mn