МОНГОЛ УЛС ШХАБ-Д ЦААШИД АЖИГЛАГЧИЙН БАЙР СУУРИНААС ОРОЛЦОНО

2024.04.05

 

         Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч орнуудын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын XIX дүгээр ээлжит уулзалт  Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод 2024 оны 04 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Тус уулзалтад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

mongol_2.jpg

          Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч байх бодлогыг тууштай баримталж, тус байгууллагаас хэрэгжүүлж ирсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны олон талт арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох” байр суурийг илэрхийлэв.

mongol 1.jpg

          Түүнчлэн, энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, манай улс ажиглагч орны хувьд аюулгүй байдал болон бусад чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус байгууллагын гишүүн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар харилцан санал солилцов.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ
БАЙДЛЫН
ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

2024.04.05