МОНГОЛ – ТӨВИЙГ САХИХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ – ТӨВИЙГ САХИХ

Монгол Улс төвийг сахисан бодлоготой орон болох. Энэ тухай нилээд бодлоо. Санал ч солилцлоо. Судалгаа дүгнэлт ч гаргуулж үзлээ. Энэ асуудлыг нийтээрээ тунгааж хөндөж ярилцах цаг нь ч болжээ.

Монгол хүн бүр л улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам бататгах тухай бодож санаж явдаг. Түүнд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Манай улсын хувьд төвийг сахих нь дээрхи эрх ашигт яв цав таарна гэж олон хүн үздэг. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээж байх үед ч, ардын болон ардчилсан хувьсгалын халуун өдрүүдэд ч энэ сэдэв яригдаж л байсан.

Төвийг сахих статусыг олон улсын эрх зүйгээр үндсэн хоёр төрөлд хувааж үзэх хандлага тогтжээ. Энэ статусын ангилал нь тухайн бодлогыг хэрэгжүүлж буй улс орны шийдвэр тунхаглалаас цэвэр хамаардаг. Дайны үед төвийг сахих бодлого гэж бий. Мөн байнга төвийг сахих бодлого гэж бий. Мөн идэвхтэй, идэвхгүй гэж нэрлэх нь ч бий. Дээрхи бодлогын нэр нь агуулгаа тодорхойлдог. Мөн тухайн бодлогын мөн чанар, зарчмыг илэрхийлсэн олон улсын харилцаанд мөрддөг гэрээ, хэлэлцээр ч бий.

 

Манай улсын хувьд “Монгол Улс нь байнга төвийг сахисан орон” гэж тунхаглаагүй нь үнэн. Гэвч манай гадаад бодлогын утга агуулга, хэлбэр, үйл ажиллагаа нь дурьдсан зарчимд бүрнээ нийцэж иржээ. Мөн бидний баталсан, нэгдэж орсон үндэсний болон олон улсын хууль, эрх зүйн баримт бичгүүд нь дээрхи бодлоготой зөрчилдөхгүй байгаа нь сайшаалтай. Тэр тусмаа манай улсаас хөрш орнуудтайгаа байгуулсан гэрээ хэлэлцээрийн утга агуулга, үг үсэгт дээрхи бодлого нарийвчлан тусгалаа олсон байдаг.

Япон Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчлав

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар Япон Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шотаро Ячи тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 18-20-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.  

Шотаро Ячи айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй яриа хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцон ярилцав.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ӨНДӨР, ДЭЭД АЛБАН ТУШААЛТНЫ ОЛОН УЛСЫН VI УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦОВ

Аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр, дээд албан тушаалтны олон улсын VI уулзалт 2015 оны 6 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан Үд хотод болов. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс зохиосон уг уулзалтад 64 орны төлөөлөгчид оролцон экстремизмтэй тэмцэх талаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэвэр усны нөөцийг хамгаалах, биологийн аюулгүй байдлыг хангах, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх асуудлаар зөвлөлдөв.

Уулзалтад Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, БНХАУ-ын КН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хуулийн хорооны дарга Мөн Зеньжу, БНЭУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Арвинд Гупта, БНСВУ-ын КН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, НАХЯ-ны сайд Чан Дай Куанг, Израилийн Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Эран Лерман нартай уулзан үндэсний аюулгүй байдлын салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭНХТҮВШИН БНХАУ-Д АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга  Ц.Энхтүвшин БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Гуо Шөнкуний урилгаар 2015 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын эхний өдөр Ц.Энхтүвшин дарга БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Гуо Шөнкуньтай уулзалт хийв. Хоёр талын хууль сахиулах гол байгууллагуудын төлөөлөл оролцсон уг уулзалтын үеэр талууд салбар, чиглэл тус бүрийн хамтын ажиллагааны асуудлыг дэлгэрэнгүй ярилцав.

Ц.Энхтүвшин дарга 11-ний өдөр Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хууль зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Мөн Зеньжутай, 12-ны өдөр БНХАУ-ын Улсыг аюулаас хамгаалахын сайд Гөн Хуйчан нартай уулзав.

Ц.Энхтүвшин дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд Төвдийн өөртөө засах оронд зочиллоо.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдож байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын 10 дугаар хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав. Мөн ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П. Патрушев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, НАХЯ-ны сайд Гүө Шенкүнь, Энэтхэгийн Тагнуулын нэгдсэн хорооны дарга Р.Н.Рави, Кыргызстан улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Тэмир Жумакадыров нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов.