Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын стратегийн түншлэлийн асуудлаар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв

2019.09.23

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв.

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийсэн энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцалаа. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцжээ.

БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилж, энэ үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг талууд анхлан баталсан билээ. Төслийн дагуу баригдах энэ үйлдвэрийн дэд бүтцийн ажлууд буюу төмөр зам, автозамын ажил хийгдэж дууссан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр очиж танилцсан талаараа хэлсэн юм.

Талууд мөн уулзалтаар манай хоёр улсын соёл, шашны харилцаа, урлаг спортын арга хэмжээгээр дамжуулан иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргаад байна.

Эх сурвалж: president.mn

Татаж авах