ҮАБЗ-ийн үйл ажиллагаа

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага бөгөөд түүний үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай ба бусад хууль юм. Зөвлөл нь Улсын Их Хурлаас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан ажлаа явуулна гэж 1992 оны 5 дугаар сард батлагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд заасан юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад бодлогын үзэл баримтлал”, “Төрийн цэргийн бодлогын үндэс” зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлэн батлуулсан нь үндэсний аюулгүй байдлыг хангах болон үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах бодлого, үйл ажиллагааны тулгуур баримт бичгүүд болж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэн боловсронгуй болгох зорилгоор 1995, 1999 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, 1998 онд Улсын Их Хурлын гишүүний санаачилгаар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай” хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагаанд холбогдох бусад заалт Монгол Улсын олон хуульд тусгагдан хэрэгжиж байна.

1994 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал түүхэн үүргээ нэгэнт хэрэгжүүлсэн бөгөөд өдгөө манай улсын аюулгүй байдлын гадаад, дотоод нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг орчин үеийн нөхцөл, байдалд нийцүүлэн шинэчлэх шаардлага бий болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, түүний захирамжаар 2009 оны 12 дугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ҮАБЗ-ийн Ажлын алба, төр, олон нийтийн байгууллагууд, иргэд, эрдэмтэн, судлаач, УИХ-ын гишүүдийн өргөн оролцоотойгоор Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төслийг шинэчлэн боловсруулсан юм. Энэхүү баримт бичиг нь үндэсний аюулгүй байдлын шинэлэг зарчим, номлол дээр суурилсан, төрийн нэгдмэл бодлогын залгамж холбоо, уламжлалыг хадгалснаараа онцлогтой.

Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр УИХ хэлэлцэж баталсан билээ. Энэхүү шинэ Үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, чиглэл, арга замыг тодорхойлсон төрийн бодлогын үндсэн баримт бичиг бөгөөд үүнээс үүдэлтэй аюулгүй байдлын салбар, эрх зүйн орчны өргөн хүрээтэй шинэтгэлийг эхлүүлж байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсанаар Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиудыг шинэчлэх ажил эхэлж, цаашлаад аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх 70 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орох юм. Түүнчлэн гадаад бодлогын үзэл баримтлал болон аюулгүй байдлын салбарын стратегийн болон бодлогын томоохон баримт бичгүүд шинэчлэгдэх болно. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний тогтвортой хөгжлийг хангахад зайлшгүй шаардлагатай гадаад болон дотоод нөхцөлүүдийг бүрдүүлэх нь төрийн байгууллагуудын хувьд шинэчилсэн Үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлын гол зорилт байх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн Тэргүүний хувьд нийслэл хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг анхаарч “Нийслэлийн агаарын бохирдлын тухай” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд газар хөдлөлтийн учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг дээшлүүлэх, Монгол улсад цөмийн хаягдлыг булшлахыг хориглох, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чадавхийг дээшлүүлэх, түүх соёлын үнэт зүйлийн бүртгэл, хамгаалалт, хяналтыг сайжруулж, гадаадад гарсан палеонтологийн үнэт олдворыг эргүүлэн авах зэрэг асуудлуудыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэн шийдвэр гаргаж хэрэгжүүлж байна.