ҮАБЗ-ийн чиг үүрэг

  • Өөрийн орны улс төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах
  • Монгол Улсын үндэсний баялгийг зүй зохистой ашиглах, үндэсний технологийг хамгаалж, орчин үеийн ололтоор баяжуулан хөгжүүлэх, дэлхийн аж ахуйн хэлхээ холбоонд идэвхтэй, уян хатан оролцох зэргээр эдийн засгаа нөөц бололцоондоо тулгуурлан бие даан хөгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх
  • Үндэсний соёл иргэншил, оюуны өв уламжлал, чадавхыг хамгаалан хөгжүүлэх
  • Монгол Улсын байгалийн баялагаа эзэмших бүрэн эрх, экологийн аюулгүй байдлыг хангах
  • Гадаад орон, олон улсын байгууллагатай төр, засгийн дээд хэмжээний хэлэлцээрийн үед баримтлах чиглэл, гадаад орон, олон улсын байгууллагад тодорхой асуудлаар төр, засгийн дээд хэмжээнд байр сууриа илэрхийлэхдээ төрийн гадаад бодлогод нийцүүлж зөвлөлдөн тогтох
  • Төрийн батлан хамгаалах бодлогыг тодорхойлж, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх, улс төрийн гадаад нөхцөл байдлыг харгалзан төрийн цэргийн бодлогын үндсийн талаарх саналыг бэлтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
  • Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс олон улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, цэрэг, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох