Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь Зөвлөлийн бодлого, үйл ажиллагааны тулгуур мөн.

М.Батчимэг (Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх).

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь  үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага бөгөөд түүний үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай ба  бусад хууль юм.  Зөвлөл нь Улсын Их Хурлаас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан ажлаа явуулна гэж 1992 оны 5 дугаар сард батлагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд заасан юм.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал  нь Үндсэн хуулийн дараа орохуйц чухал ач холбогдолтой баримт тул Зөвлөл нь байгуулагдсан цагаасаа эхлэн Үзэл баримтлалыг боловсруулах ажлыг эхлүүлж анх 1994 онд УИХ-аар батлуулсан юм. Энэ үзэл баримтлал нь түүхэн нэн эгзэгтэй үед үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг хангах төрийн бодлогын үндсэн зарчим, чиглэлүүдийг зааж өгсөн нь  чухал үүрэг гүйцэтгэж, шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулж тусгаар тогтнолоо баталгаажуулах, хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой байсан юм. 

1994 онд батлагдсан Үзэл баримтлал ийнхүү түүхэн нэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өдгөө манай улсын аюулгүй байдлын гадаад,  дотоод нөхцөл байдал өөрчлөгдөж, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өнөөгийн нөхцөлд  нийцүүлэн шинэчлэх  шаардлага бий болсон юм. 

Энэ байдлыг үндэслэн 2009 оны 12-р сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ҮАБЗ-ийн Ажлын алба, төр, олон нийтийн байгууллагууд, иргэд, эрдэмтэн, судлаач, УИХ-ын гишүүдийн өргөн оролцоотойгоор үзэл баримтлалын төслийг боловсруулан батлуулсан юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шинэчлэгдсэн Үзэл баримтлал нь шинэлэг зарчим, номлол дээр суурилсан, төрийн нэгдмэл бодлогын залгамж холбоо, уламжлалыг хадгалсан, 1994 оны Үзэл баримтлалын органик үргэлжлэл юм. 

Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг 2010 оны 7-р сарын 15-ны өдөр УИХ баталсан билээ. Энэ Үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлыг хангах гол чиглэл, арга замыг  тодорхойлсон төрийн бодлогын чухал баримт бичиг бөгөөд үүнээс үүдэлтэй аюулгүй байдлын салбар, эрх зүйн орчны өргөн хүрээтэй шинэтгэлийг эхлүүлж байна.  

Өнөөгийн глобалчлагдсан ертөнцөд аюулгүй байдалд шинэ, олон төрлийн эрсдэл үүсэн бий болж байна. Улс, үндэстнүүд хоорондоо улам өргөн харилцах болж  даяаршин эдийн засаг, нийгмийн нэгдмэл орчинг бий болгон мэдээлэл, харилцааны хэрэгслээр холбогдон, хил хязгааргүй гэхээр шинэ орчинд амьдрах болж, хүмүүсийн оюун санаа, амьдралын хэвшилд өөрчлөлт орж байна..  Энэ шинэ орчин нь хөгжил, дэвшлийг нээж өгөхөөс гадна шинэ аюул, занал, эрсдэлийг бий болгож байна. Мэдээллийн хэрэгсэл ашиглан хувь хүний оюуны дархлаа, үндэсний эв нэгдэл, ухамсарт нөлөөлөх эрсдэлүүд үүсч байна. Мэдээлэл өөрөө үндэсний нөөц баялаг, улс орны хөгжил, дэвшилд нөлөөлөх чухал хүч болсон тул мэдээллийн орчинд өрсөлдөөн хурцдаж сөргөлдөөний хэлбэрт шилжиж байна.    

Ийм шинэ нөхцөл байдал нь аюулгүй байдлын тухай ойлголт, цар хүрээ, хангах арга замыг өргөтгөж цогц хэлбэрээр хандаж, зөвхөн төрийн үүрэг бус нийгэм, хувь хүний хамтын хүчээр хангах зарчим дээр тулгуурлах шаардлагатай болсон.   

Шинэчилсэн үзэл баримтлал нь суурь зарчмаараа өөрчлөгдсөн. Үндэсний аюулгүй байдал гэдгийг өмнө нь уламжлалт улс төр, цэрэг, дайны заналхийлэлтэй холбон ойлгож, зөвхөн төр, түүний тусгай байгууллагуудын үүрэг хэмээн үзэж байсан бол  аюулгүй байдалд хандах хандлага, шийдвэрлэх арга замуудыг шинээр томьёолж оршин тогтнохуйн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, дотоод аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гэсэн зургаан чиглэлээр цогц хэлбэрээр, харилцан уялдаатай хангах гол арга замуудыг тодорхой зааж өгсөн. 

Үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалах, хэвшүүлэх, улс орны хөгжлийг хангах, эв нэгдэл, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд чиглэгдсэн тодорхой зорилт, арга хэмжээг тусгаснаар тунхаглалын шинжтэй бус төр, нийгэм, иргэдийн харилцан хамтын ажиллагаагаар хангах тодорхой стратеги, чиглэлийг заасан нь чухал ач холбогдолтой боллоо. Төр нь аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ гүйцэтгэхдээ иргэдтэйгээ хамтрах, санал, бодлыг нь сонсох, тэднийг шийдвэр гаргах, хяналт тавихад оролцох боломжоор хангах арга хэмжээг авна.  

Хувь хүний аюулгүй, амгалан, эрүүл, хангалуун амьдрал нь нийгмийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн сурвалж болж, энэ нь цаашлаад төр, улс, үндэсний аюулгүй байдлыг хангана, эргээд төр, нийгэм нь аюулгүй байж иргэнийхээ аюулгүй байдлыг хангана  гэсэн хүн төвтэй аюулгүй байдлын үзэл юм. Тиймээс хүний амар амгалан, аюулгүй, эрүүл, хангалуун амьдрах, түүний хөгжих, хөдөлмөрлөх нөхцөл бүрдсэн, түүний орлого, хүрээлэх орчин, хүнс нь аюулгүй байх цогц, бодитой, оновчтой шийдлийг тусгасан мэдлэгт суурилсан үзэл баримтлал юм.        

Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдлын үндэс нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдал  хангагдсан байхыг хэлнэ. Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжин, хөрш ОХУ, БНХАУ-тай Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, харилцааны түүхэн уламжлал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг чухалчилсан, тэнцвэртэй найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлж,  “гуравдагч хөрш”-ийн бодлогыг үргэлжлүүлэн баримталж, өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэж заасан. 

Эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжлийг үндэсний эрх ашгийн салшгүй хэсэг, үндэсний аюулгүй байдлын гол тулгуур, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг хангах гол суурь нь хэмээн үзсэн. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл нь  эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгоход оршино гэж Үзэл баримтлалд тодорхойлсон юм. Энэ нь нэгдүгээрт, үндэсний эдийн засаг  тэнцвэртэй байх, хоёрдугаарт хөгжил, дэвшил нь өөрөө аюулгүй байдлыг хангах нөхцөл мөн гэсэн зарчмыг илэрхийлсэн юм. 

Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчилж, түүхий эдийн хавсарга, гадаад, дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын сөргөлдөөний талбар болох, байгаль орчныг доройтуулахаас сэргийлнэ. 

Монгол улсын дотоод аюулгүй байдлын үндэс нь хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах явдал  юм. Эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх бодлогыг төр, иргэн, хэвлэл мэдээллийн салбар хамтран хэрэгжүүлэх арга замуудыг тусгасан. 

Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг бэхжүүлж, улс орон, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлэхэд анхаарч, монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг тодорхойлсон юм. 

Байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомстлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнүүдийг заасан. 

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс нь мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах явдал мөн гэж томьёолоод  үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны хөгжлийг дэмжих, үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал  нэн чухал ач холбогдолтой гэж онцгойлон тэмдэглэсэн юм.  

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсанаар Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиудыг шинэчлэх ажил хэдийнээ эхэлж цаашлаад аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх 70 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орно. Гадаад бодлогын үзэл баримтлал болон аюулгүй байдлын салбарын эрх зүй, стратегийн болон бодлогын томоохон баримт бичгүүд шинэчлэгдэж байна. 

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний тогтвортой хөгжлийг хангахад зайлшгүй шаардлагатай гадаад болон дотоод  нөхцөлүүдийг бүрдүүлэх нь төрийн байгууллагуудын энэ Үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлын гол зорилт байх болно. 

 

                     ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА