Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах онол, арга зүйн зарим асуудлууд*

Ц. Даваадорж. (ҮАБЗ-ийн Мэдээлэл дүн шинжилгээний албаны дарга, доктор /Ph.D/)

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний тогтвортой хөгжлийг хангах эдийн засгийн зайлшгүй шаардлагатай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл бүрэлдэн тогтоогүй байна. Эдийн засгийн аюулгүй байдал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гол тулгуур юм.
Өнөөгийн глобалчлагдсан ертөнцөд аюулгүй байдалд шинэ, олон төрлийн эрсдэл үүсэн бий болж байна. Улс, үндэстнүүд хоорондоо улам өргөн харилцах болж,  даяаршин эдийн засаг, нийгмийн нэгдмэл орчинг бий болгон, мэдээлэл, холбооны хэрэгслээр холбогдон, хил хязгааргүй гэхээр шинэ орчинд амьдрах болов. Энэ шинэ орчин нь хөгжил, дэвшлийг нээж өгөхөөс гадна шинэ аюул, занал, эрсдэлийг бий болгож байна1. Улс төр, эдийн засгийн өрсөлдөөн сөргөлдөөний хэлбэрт орох, эдийн засгийн хямрал үүсэх эрсдэл бий болж, байгаль, экологийн гамшиг, нийтийг хамарсан өвчин нүүрлэх болов.  
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өнөөгийн шинэ нөхцөл, шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шинэчилж, 2010 оны долдугаар сарын 15-ны өдөр УИХ баталсан билээ. Энэ Үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлыг хангах гол чиглэл, арга замыг  тодорхойлсон төрийн бодлогын чухал баримт бичиг юм.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах онол, арга зүйн асуудал нь эрдэмтэд, судлаачдын олон жилийн өргөн хүрээтэй судалгааны үр дүнд хувьсан өөрчлөгдөж буй аюулгүй байдлын орчин, нөхцөл байдалд тохируулан боловсруулсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд (цаашид Үзэл баримтлал гэнэ) тусгасан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах асуудлуудыг үзэл баримтлалын ерөнхий зарчим, зорилтын хүрээнд тайлбарлаж, онол, арга зүйн үүднээс авч үзэхэд энэхүү өгүүллийн зорилго оршино.
Сүүлийн жилүүдэд байгаль, нийгэм, эдийн засгийн төвөгтэй процессуудын ерөнхий шинж чанар, хувьсал, өөрчлөлт, харилцан хамаарлыг судлах гол суурь, шинжлэх ухаан, философийн шинэ хандлага нь комплекс системийн онол болоод байна2. Эдийн засаг нь өөрөө гадаад болон дотоод олон хүчин зүйлээс хамаарсан, байнгын хувьсал, өөрчлөлтөд орж байдаг комплекс динамик систем мөн учраас судалгааны хэвшмэл арга хэрэгслүүд хангалтгүй болж орчин үеийн арга хэрэгслүүдийг өргөнөөр хэрэглэдэг болсон3.
Эдийн засгийн аюулгүй байдлын тухай ойлголт дэлхий нийтээр бүрэн тогтоогүй байгаа, аюулгүй байдалд хандах хандлага ч өөрөө цогц (comprehensive) бөгөөд хамтын (collective), системийн шинжтэй болсон тул аюулгүй байдлын асуудалд2 ч бүхэлд нь мөн түүний дотор эдийн засгийн аюулгүй байдалд системийн онолын үүднээс хандаж түүний онол, арга зүйг боловсруулах болжээ2-3.

Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд

Монгол Улсын эдийн засаг хэт өрөөсгөл, эмзэг  бүтэцтэй газрын тос, хүнс, өргөн хэрэглээний барааны импортоос хамааралтай, түүхий эдийн экспорт голлосон, байгалийн баялаг, нөөцөд тавих хяналт алдагдсан, үндэсний үйлдвэрлэл, хөдөлмөрийн нөөц доройтсон, үнийн өсөлтөд өртөмтгий, газар зүйн хувьд түгжигдмэл хэвээр байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг анх 1994 онд баталж тэр нь түүхэн нэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дээрх хүндрэл, эрсдэлүүдийг онцлон тэмдэглэж эдийн засгийн аюулгүй байдлыг хангах төрийн бодлогын чиглэлүүдийг зааж өгсөн нь  ач холбогдлоо өгч шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулж тусгаар тогтнолоо баталгаажуулах, хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой байсан юм4.
Эдийн засгийн аюулгүй байдалд шинэ эрсдэлүүд үүсэн, 1994 оны Үзэл баримтлалын 35-т тусгасан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга зам, бодлогын чиглэлүүд нь хэт ерөнхийлөн томъёологдсон, тунхагийн шинжтэй байсан тул хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч байв.
Манай улс хоёр том гүрний дунд оршин, далайд гарцгүй, зах зээлээс алслагдмал, буурай орон байсан бол дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй томоохон зах зээл бүхий бүс нутагт орших болж, эрдэс баялаг, эрчим хүчний үлэмж их нөөцтэй тул олон улсын анхаарлыг татах болсон нь шинэ боломж мөн эрсдэлийг дагуулах боллоо. Газар зүйн хувьд Төв болон Зүүн Хойд Азид аль алинд хамаарагдах боловч энэ хоёр бүс нутагт цэрэг, улс төрийн сөргөлдөөн хэвээр, аюулгүй байдлыг зохицуулах механизм бүрэлдэн тогтоогүй байна6-7.  
Нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан хямрал, халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, гамшигт манай улс өртөх магадлал их болсон. Хүмүүсийн оюун санаа, амьдралын хэвшилд өөрчлөлт орж байна. Мэдээллийн хэрэгсэл ашиглан хувь хүний оюуны дархлаа, үндэсний эв нэгдэл, ухамсарт нөлөөлөх эрсдэлүүд үүсч байгаа юм. Мэдээлэл өөрөө үндэсний нөөц баялаг, улс орны хөгжил, дэвшилд нөлөөлөх чухал хүч болсон.

Шинэчлэгдсэн үзэл баримтлалын онцлог

Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал анх батлагдаж байх үед нийгмийн байдал өөр байсан бөгөөд 16 жилийн дараа манай улсын аюулгүй байдлын гадаад, дотоод нөхцөл байдал өөрчлөгдлөө.
Шинэчилсэн үзэл баримтлал шинэлэг зарчим, номлол дээр суурилсан, төрийн нэгдмэл бодлогын залгамж холбоо, уламжлалыг хадгалсан, 1994 оны Үзэл баримтлалын органик үргэлжлэл8 юм.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь Үндсэн хуулийн дараа орохуйц чухал ач холбогдолтой, төрийн нэгдмэл бодлого, үндэсний зөвшилцлийн чухал эрх зүйн баримт учраас УИХ-аар хэлэлцэн баталсан бөгөөд  үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн шинэ суурь болж, үүнээс үүдэлтэй Монгол Улсын аюулгүй байдлын салбар, эрх зүйн орчны өргөн хүрээтэй шинэтгэлийг эхлүүлж байна.
Үндэсний аюулгүй байдал гэдгийг өмнө нь уламжлалт улс төр, цэрэг, дайны заналхийлэлтэй холбон ойлгож, зөвхөн төр, түүний тусгай байгууллагуудын үүрэг хэмээн үзэж байв. Шинэ нөхцөл байдал нь аюулгүй байдлын тухай ойлголт, цар хүрээ, хангах арга замыг өргөтгөж, шинэчилсэн үзэл баримтлал нь хүн төвтэй, цогц, мэдлэгт суурилсан гэсэн суурь зарчмаар өөрчлөгдсөн.
Аюулгүй байдалд хандах хандлага, шийдвэрлэх арга замуудыг шинээр томъёолж оршин тогтнохуйн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, дотоод аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гэсэн зургаан чиглэлээр цогц, консайленс хэлбэрээр харилцан уялдаатай хангах, нийгэм, иргэдийн хамтын хүчээр хангах зарчим дээр тулгуурлах шаардлагатай болсон. Иймд төр үндсэн үүргээ гүйцэтгэхдээ иргэдтэйгээ хамтрах, санал, бодлыг нь сонсох, тэднийг шийдвэр гаргах, хяналт тавихад оролцох  боломжоор хангах арга хэмжээг авна. 
Хувь хүний аюулгүй, амгалан, эрүүл, хангалуун амьдрал нь нийгмийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн сурвалж болж, энэ нь цаашлаад төр, улс, үндэсний аюулгүй байдлыг хангана. Мөн төр, нийгэм нь аюулгүй байж иргэнийхээ аюулгүй байдлыг хангана гэсэн хүн төвтэй аюулгүй байдлын үзэл. Тиймээс хүний амар амгалан, аюулгүй, эрүүл, хангалуун амьдрах, түүний хөгжих, хөдөлмөрлөх нөхцөл бүрдсэн, орлого, хүрээлэх орчин, хүнс нь аюулгүй байх цогц, бодитой, оновчтой шийдлийг тусгасан мэдлэгт суурилсан үзэл баримтлал юм.
Үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалах, хэвшүүлэх, улс орны хөгжлийг хангах, эв нэгдэл, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд чиглэгдсэн тодорхой зорилт, арга хэмжээг тусгаснаар тунхаглалын шинжтэй бус төр, нийгэм, иргэдийн харилцан хамтын ажиллагаагаар, харилцан уялдаатай хангах тодорхой стратеги, чиглэлийг заасан нь чухал ач холбогдолтой боллоо.

Эдийн засгийн аюулгүй байдал

Шинэчилсэн үзэл баримтлалын8 дээрх зарчим, шинж чанарууд нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилго, арга замуудад тодорхой тусгалаа олсон. Эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжлийг үндэсний эрх ашгийн салшгүй хэсэг, үндэсний аюулгүй байдлын гол тулгуур, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг хангах гол суурь нь хэмээн үзсэн (1.1.2).
Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл нь “эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг” бий болгоход оршино8 гэж Үзэл баримтлалын 3.2-т тодорхойлсон8.
Энэ нь нэгдүгээрт эдийн засгийн систем тэнцвэртэй байх, хоёрдугаарт хөгжил, дэвшил нь өөрөө аюулгүй байдлыг хангах нөхцөл гэсэн дуализмыг илэрхийлсэн нь эдийн засгийн аюулгүй байдлын номлолын гол агуулга болж байгаа  юм. 1994 оны Үзэл баримтлалд эдийн засгийн “харьцангуй бие даасан байдал” гэж байсныг өөрчилсөн нь зарчмын ач холбогдолтой.
Системийн онолын үүднээс эдийн засаг нь шугаман бус, динамик системийн хувьд гол төлөв “saddle-node” хэлбэрийн төлөв байдалд байх бөгөөд энэ нь нэг талаас тэнцвэртэй байдлыг хадгалах, нөгөө талаас байнгын өсөлтийг ханган тэнцвэртэй хөдөлгөөнд оршихыг шаардаж байдаг1-3. Параметрийн зөв зохицуулалт хийж чадах аваас тэнцвэртэй өсөлтийг бий болгох, эс чадваас баланс алдаж, тогтворгүй төлөв рүү9 эргэлт буцалтгүй орох аюултай. Мөн систем нь фазын хувирал9, “онцгой цэгт” орж эдийн засгийн хэллэгээр хямрал, гипер инфляц, дефляц эсхүл урт хугацааны зогсонги байдалд2-3 /хязгаарын циклд/ орох аюултай20.
Бие даасан байдлыг хангах нь эдийн засгийн аюулгүй байдлын зайлшгүй нөхцөл бөгөөд энэ нь юуны өмнө дотоод нөөц, бололцоогоо дайчилж, өөрийгөө тэтгэх, өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах чадвартай, хоёрдугаарт гадаад, дотоод сөрөг хүчин зүйлүүдийн эсрэг дархлаатай, тэдгээрийн үйлчлэлд эмзэг бус, өөрийгөө тэнцвэржүүлэх (self sustainability) чадвартай байхыг хэлж буй. Эдийн засаг нь системийн хувьд тогтонги төлөвт орших магадлал багатай харин тэнцвэр хадгалах, “тэнцвэртэй үргэлжлэн хөгжих” боломжтой. Энэ утгаар нь олон улс, НҮБ-ын баримталдаг sustainable development15 буюу “тэнцвэртэй үргэлжлэн хөгжих” нь эдийн засгийн аюулгүй байдлын хүрэлцээтэй нөхцөл болж, Үзэл баримтлалд “байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжил” хэмээн тусгагдсан юм. 
Эдийн засгийн системийн өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, удирдан зохицуулж, тэнцвэр, хөгжил, аюулгүй байдлыг хангах зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөлийг бүрдүүлэхэд эдийн засгийн аюулгүй байдлын гол үзэл санаа, бодлого, стратеги оршино.
Монгол Улсын Үндсэн хуулийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”10 гэсэн дөрөвдүгээр заалт нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн суурь болно.
Мөн “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”10 гэсэн заалтын дагуу зах зээлийн эдийн засаг өөрийн дотоод хуулиар хөгжихөд нь төрөөс дэмжин, тэнцвэртэй байдлаа хадгалах, тогтвортой өсөлтийг хангах, хямрал, эрсдэлд өртөхгүй дархлаатай байх нөхцөлүүдийг бүрдүүлэх эрх зүй, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг оновчтой авч байх төрийн зохицуулалтын механизмуудыг Үзэл баримтлалд тусгасан.
Үндэсний аюулгүй байдал болон түүний суурь болох эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж чадах эсэх нь төрийн удирдлагын чадавхаас шууд хамаарна хэмээн Үзэл баримтлалын 1.2.5-т онцолсноор “аюул заналыг бодитой тодорхойлж хязгаарлагдмал нөөц бололцоог оновчтой дайчилж чадах”, 3.3.2.4-т “бодлогын оновчтой арга, хэрэгслээр дамжуулан эдийн засгийн зохицуулалт хийх төрийн удирдлагын чадавхыг сайжруулна” гэж заасан. Эдийн засаг нь дотоод параметрүүдээрээ өөрийгөө зохицуулах синергетик чанартай боловч автономи бус9 систем учир төрийн оновчтой зохицуулалт шаардлагатай юм. Нэн ялангуяа хөрш орнууд нь төрийн хүчтэй удирдлагатай, дотоодын зах зээл нь цөөн тооны “тоглогчидтой” жижиг зах зээлд эдийн засгийн өөрийн зохицуулалтын зүй тогтлууд тэр болгон үйлчилж чадахгүй байгаа нь дээрх шаардлагыг нэмэгдүүлж байна.   
Сүүлийн 16 жилд төрийн зүгээс шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулахад анхаарч байсан бол өнөө үед өсөлтийн гол эрсдэлүүд болох хэт халалт, хөөсөн тэлэлт, хямрал, үрэлгэн байдал, “голланд өвчин” зэрэг эрсдэлүүдээс сэргийлж, олон тулгуурт бүтэц бүхий системийн дотоод параметрийг оновчтой зохицуулж чадах, тогтвортой өсөлтийг хангах11 удирдлагын арга механизмуудыг зохистой хэрэглэх чадамжийг шинэ нөхцөл шаардаж байгаа юм.
Эдийн засгийн систем нь физик, экологи, биологийн системүүдтэй12-14 нэгэн ижил суурь зүй тогтолтой байдаг бөгөөд түүний элементүүд  нь аливаа бодит системийн нэг адил харилцан үйлчлэлд орж байдаг. Чухам энд л системийн тогтворжилт алдагдах14-17 хүчин зүйлүүд агуулагдаж байдаг бөгөөд макро эдийн засгийн хувьд төрийн зохицуулалт нь үйл явдлын өрнөлөөс хэт хоцрох, салбар хоорондын баланс алдагдах, эсхүл микро түвшинд нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, төлбөр саатах зэрэг нь ямагт тогтворгүй байдлыг бий болгодог. “Эдийн засгийн аюулгүй байдал” гэдэг нэр томъёо болон түүний агуулгын тухай өнөөг хүртэл нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголт, онолын суурь тогтоогүй22-26 байгаа нь эдийн засгийн аюулгүй байдлын үзэл баримтлалын онол, арга зүйг цаашид ч боловсронгуй болгох, өргөн хүрээтэй судлах шаардлагатайг харуулж байна.
Нэг талаас чөлөөт эдийн засгийн системийг өөрийн дотоод зүй тогтлоор хөгжин “зах зээлийн үл үзэгдэх гараар” зохицуулагдах ёстой гэж үзэн хямрал, өсөлт, буурал нь системийн өөрийнх нь зайлшгүй байх хэв шинж гэж үзэн эдийн засгийн аюулгүй байдлын тухай цэгцтэй судалгаа чөлөөт эдийн засгийн онолд хөгжөөгүй иржээ.
Нөгөө талаас эдийн засгийг төрийн хүчтэй удирдлага, төлөвлөлт, оролцоогоор жолоодож, түүний тогтвортой байдал, монотон өсөлтийг хангах шаардлагатай хэмээн эдийн засгийн аюулгүй байдлын тухай хэт шугаман ойлголт социалист системийн орнуудад тогтож зогсонги байдалд оруулж байсан. Энэ хоёр  замыг Монгол Улс аль алийг нь туулж, түүхэн сургамж авлаа.
Томоохон хямралын дараа эдийн засгийг зохицуулах үзэл санаа хөгжиж Кейнсийн онол, Ф.Рузвельтийн “Шинэ гэрээ”, “Базелийн дүрэм”, Ж.Штиглерийн эдийн засгийн зохицуулалтын онол18 зэрэг боловсрогдож байсан бол дэлхий нийтийг хамарсан санхүүгийн 2008 оны хямралын дараа либерал гэгдэх АНУ-ын эдийн засгийг төрийн зохицуулалттай болгох Б.Обамагийн Санхүүгийн системийг зохицуулах арга хэмжээ19, Н.Рубинигийн эдийн засгийн зохицуулалтын20 онол зэрэг боловсруулж эхлэв. Сүүлийн үед төрийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг тусгасан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хандлагууд гарч, дэлхий дахины төрийн удирдлагын индикаторыг Дэлхийн банкнаас гаргаж21, улс орнуудын шинээр боловсрогдсон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, стратегийн баримтуудад төрийн зохицуулалтын зарим элементүүд орсон боловч эдийн засгийн аюулгүй байдлыг системтэй томъёолсон онол алга. Монгол Улсад ч эдийн засгийн аюулгүй байдлын онолын цэгцтэй судалгаа22-23 эхэлж байна.
Эдийн засгийн аюулгүй байдлын тухай гадаад, дотоодын судлаачдын хийсэн томъёоллоос үзвэл ухагдахууны агуулгын хувьд нэг бол үндэсний ашиг сонирхлыг хангах эдийн засгийн арга замууд гэж, нөгөө бол эдийн засгийг өөрийг нь субъект гээд түүнийг аюулгүй байлгах тухай өгүүлсэн байна24-26. Эдийн засгийг субъектын хувьд бие даасан, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх, эсхүл нийгмийн хэрэгцээг хангах эдийн засгийн чадвар хэмээн зарим нь тэмдэглэсэн боловч асуудлын мөн чанарыг дээр өгүүлсэн дуализмын нэгдмэл хэлбэрээр тодорхойлоогүй. 
Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах энэ дуализм нь зайлшгүй болон хүрэлцээтэй нөхцөлийн нэгдлийг хангаж буй юм. Зайлшгүй шаардлагатай  нөхцөлүүд нь  төр, нийгэм, эдийн засгийн системийн оршин тогтнох, тэнцвэртэй байхыг хангах суурь болдог. Харин тогтвортой хөгжил, монгол хүний хангалуун амьдралыг хангаж чадахуйц хүчин зүйлүүд, үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадавх бүхий бүтэц, харилцааны нэгдмэл систем, үүний үр ашигтай үйл ажиллагаа бүрэлдсэн байх нь аюулгүй байдлын хүрэлцээтэй нөхцөлүүд болох аж. Энэ хоёр нөхцөл нь хоёул харилцан уялдаатай бүрэлдэн тогтож байж эдийн засгийн аюулгүй байдлыг хангана. 
Эдийн засгийн аюулгүй байдлыг олон улсын болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдал хэмээн хоёр ангилдаг23 бөгөөд үзэл баримтлалд дэлхий нийтийн хувьсан өөрчлөгдөж буй орчинд үндэсний эдийн засгийг гадаад, дотоодын аюул, занал, эрсдэлийн эсрэг дархлаа, даван туулах, дасан зохицох чадавхтай байлгах зайлшгүй болон хүрэлцээтэй нөхцөлийг бүрдүүлэхэд үзэл баримтлалын заалтууд чиглэгдсэн.   
Үндэсний эдийн засгийн өрөөсгөл, эмзэг байдлыг харгалзан Үзэл баримтлалын 3.2-т эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын тулд олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцын асуудлаар оновчтой бодлого баримтлах зэрэг давын өмнө зайлшгүй шийдвэрлэх тодорхой зорилтуудыг тусгасан.

Эдийн засгийн олон тулгуурт бүтэц

Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, хамгаалах зайлшгүй шаардлагатай хүнс, өргөн хэрэглээний бараа, түүхий эд, түлш, эрчим хүчээр өөрийн хэрэгцээг хангаж чадаагүй, импортоосоо хамаарсан хэвээр. Зөвхөн түүхий эдийн экспортод түшиглэсэн, үнийн өөрчлөлтөд эмзэг эдийн засгийн өрөөсгөл, цөөн орны зах зээл, дамжин өнгөрөх тээврээс хараат байна. 2010 онд экспортын бүтээгдэхүүний 81.3 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн, экспортын 70 гаруй хувь нь БНХАУ-д гарчээ.27
2009 оны байдлаар малын тоо 44 сая толгойд хүрсэн боловч 2009-2010 оны өвөл манай орны ихэнх нутгаар эрс хүйтэрч зудын байдал бий болж малын зүй бус хорогдол 9,7 сая гарч өмнөх жилүүдийнхээс өндөр хэмжээнд хүрсэн нь байгаль цаг уурын өөрчлөлтөд эмзэг хэвээр байгааг харуулсан27.
Монгол Улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд, түүний дотор хэрэглээний үнийн индекс, инфляц нь түүхий эдийн экспорт, газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэн худалдааны үнээс хамааралтай, бизнесийн орчин таатай бус, үнийн зохиомол өсөлт бий болгож байгаа нь тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг агуулж байна.
Эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох гэдэг нь нэг дүгээрт, эдийн засгийн системд байх ёстой гол бүрдэл хэсгүүдийг нь бий болгох, тэдгээрийн хоорондын харилцаа, хоршил, баланс, уялдаа, харилцан үйлчлэлийг хангах, хоёрдугаарт, эрсдэлийг хуваарилах, дотоод нөөц, бололцоогоо дайчилж, өөрийгөө тэтгэх, тэнцвэржүүлж (self sustainability) чадах, бие даасан байдлыг хангах, гуравдугаарт, нийгмийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангаж чадахуйц өргөтгөсөн үйлдвэрлэл явуулж тогтвортой өсөн тэлж чадах, дөрөвдүгээрт, газар зүйн түгжигдмэл байдлыг арилгаж давуулан тээвэрлэх боломжтой салбаруудыг бий болгох, тавдугаарт, бүтээмж, өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх өргөн хүрээтэй шаардлагатай арга, механизмыг онцолж байгаа юм.
Үүний тулд 3.2.1.1-т стратегийн ач холбогдолтой салбаруудын тоонд эрдэс баялаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбарыг хамааруулан тэдгээрийн нэн тэргүүний үүргийг хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад оршино гэж заасан.
Эдийн засгийн бүтэц нь системийн онолын үүднээс юуны өмнө тэнцвэртэй байх, түргэн өсөж, тэлж чадах, дотоод бүтэц, зохион байгуулалт, харилцан үйлчлэл нь  уян хатан байх ёстой. Байгаль, нийгэм, эдийн засагт хувьсал, шалгарлын явцад бий болсон олон тогтцууд дотроос дээрх шаардлага хангахуйц нь кластер, фрактал9 юм. Эдийн засагт системийн өөрийн зохицуулалт, синергизмийн улмаас ийм тогтцууд аяндаа бүрэлдэн тогтдог байна. Детройт, Штутгартын автомашины кластер, Силикон вэлигийн мэдээллийн технологийн кластер зэрэг олон жишээ бий. Мөн  Япон, БНХАУ, БНСУ, Казахстан ч энэ загвараар хөгжиж байна. Монгол Улсад ч ийм кластеруудын үр хөврөл үүсч байгаа бөгөөд цаашид ч эдийн засгийн олон тулгуурт бүтцийг М.Портерийн боловсруулсан кластерийн болон өрсөлдөөний онол дээр үндэслэн хөгжүүлэх нь оновчтой.28 Эдийн засгийн бүтцийн үндсэн тулгуур баганыг бий болгохын тулд нэгдүгээрт, хүнд үйлдвэрлэл, хоёрдугаарт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, гуравдугаарт, мэдээлэл, харилцаа холбоо, санхүү, дэд бүтэц тээврийн үйлчилгээний томоохон кластеруудыг бий болгоно. Энэ салбаруудаа стратегийн гэж нэрлэсэн нь ийм учиртай.
Эдийн засгийн гол кластерууд нь үндэсний томоохон үйлдвэрүүдийг тойрсон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрүүдийн хоршил бүхий сүлжээг нэгтгэсэн бүтэцтэй байвал эдийн засгийн харилцааг үр ашигтай байлгахаас гадна үндэсний томоохон үйлдвэрлэгчид болон тэдэнтэй уялдсан үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчид нийлж олон мянган ажлын байр, тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох, ядуурлыг бууруулах, хангалуун амьдралтай дунд давхаргыг бүрдүүлэх, нийгмийн давхаргуудын зөвшилцөл, хоршил, нэгдлийг бий болгох, нийгмийн баялгийг хамтран бүтээж, бүтээлч хөдөлмөрөөр хуваарилах, тогтвортой хөгжлийг ханган, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой, эдийн засгийн аюулгүй байдлын дуализмын нэгэн илрэл.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэх эхний үе шатыг эрдэс, түүхий эдийн боловсруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ түлш, эрчим хүчний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах,  хоёр дахь шатыг уул уурхайн салбарын орлогыг бодит салбарт чиглүүлж, бие даасан хөгжлийг хангах, олон тулгуурт бүтцийг бий болгох, гурав дахь шатыг нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дөрөв дэх шатыг олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой, дамжин өнгөрөх тээврээс хараат байдлыг бууруулсан үйлдвэрлэл, үйлчилгээний мэдлэгт суурилсан салбарыг түлхүү дэмжин хөгжүүлэхээр 3.2.1.3-9-д заасан нь Үндэсний хөгжлийн цогц бодлогод  тусгасан зорилтуудыг “Ашигт малтмал”, “Дэд бүтэц”, “Хот байгуулалт”  зэрэг үндэсний хэмжээний хөтөлбөрүүдэд зангидан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой36.  
Гэхдээ аж үйлдвэр, үйлчилгээний хөгжлийн түүхийг даган давтан хугацаа алдах бус амдан хөгжих, шинжлэх ухаан технологийн хамгийн сүүлийн үеийн, бүтээмж өндөртэй, байгальд ээлтэй дэвшилтэт загварыг бий болгох юм. Манай улсад хэдийнээ амжилттай хөгжиж эхлээд буй харилцаа, холбооны салбар үүний нэг жишээ болно.
Монгол Улсын түүхэнд кластерт болон фракталт тогтоц бүрэлдэн тогтож байсны нэг жишээ нь XIII зууны үед цэргийн аравтын зохион байгуулалт бүхий хамгийн уян хатан, хүчирхэг фрактал тогтоц байв. Мөн өртөөний сүлжээ нь кластер бүтэцтэй байж харилцаа холбоо, худалдаа, татвар, удирдлагын гол механизм болж олон зууны турш өргөн уудам орон зайг нэгдмэл байлгаж иржээ. 
Эдийн засгийн өрсөлдөх чадавх өнөөгийн байдлаар 99 дүгээр байранд байгааг дэлхийн дунджаас дээш түвшинд гаргах зорилт тавьсан нь эдийн засгийн хөгжлийн өргөн хүрээтэй арга хэмжээг авах33 шаардлагыг бий болгосон. Юуны өмнө дотоодын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, олон улсын стандартад тулгуурласан хөгжлийн загварыг бий болгох, дотоодын зах зээлээ хамгаалах хөшүүрэг болгох зорилгоор олон улсын, Европын холбооны стандартыг нэвтрүүлэх зарчмын шинэ заалт орсон.  
Уул уурхай, эрдэс баялгийн салбар нь эдийн засгийн гарааны зүтгүүр болж бусад салбараа тэтгэх эх үүсвэр байхын тулд түүний орлого, хуваарилалт нь ил тод, үйл ажиллагаа нь нийгмийн хариуцлагатай,  байгаль орчинд сөрөг нөлөө багатай байхыг чухалчилсан.
Сүүлийн үед олон улсын санхүүгийн томоохон байгууллагууд энэ байдалд анхаарлаа хандуулж, томоохон төслүүдийг санхүүжүүлэхдээ тэдгээр төслүүдийн тогтвортой байдал нь нийгмийн үр өгөөж, тогтвортой байдлаас шууд хамаарна хэмээн үзэж “экуатор зарчим”, IFC-ийн гүйцэтгэлийн стандартуудыг мөрддөг байсан30. Монгол Улс ч олборлох салбарын ил тод байдлын санаачилгад нэгдэн орж идэвхтэй ажиллаж, уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд нийгмийг үр, өгөөжийг дээшлүүлэх олон улсын дээрх стандартуудыг тусгах хэрэгтэй байна31.
Эдийн засгийн аюулгүй байдал нь “байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг” бий болгохтой шууд хамааралтай тул хүний аюулгүй байдлыг Үзэл баримтлалд шинээр тусган  хүн төвтэй, ногоон эдийн засгийн арга механизмуудыг хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал хэсгүүдэд (3.4-3.5)  тодорхой тусгасан.
Салбарын бүтцээс гадна улс орны засаг захиргааны хуваарь, бүсчлэл, дэд бүтцийн хөгжлийгх үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, үр ашиггүй зардлыг зогсоож, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно гэж 3.2.1.4-т заасан. Аж үйлдвэрийн салбарын кластерууд нь үйлдвэрлэлийн бүсийн кластеруудтай уялдан хөгжиж хэт төвлөрөл, ядуурал, орчны бохирдлыг арилгаж, орон нутагт иргэдээ аль болох олон ажлын байраар хангаж орлоготой болгон нийгмийн өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх болно.
Үзэл баримтлал бүхэлдээ мэдлэгт суурилсан шинжтэй бөгөөд эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга замууд нь шинжлэх ухаан, технологийн ололтод суурилсан, улмаар эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй дайчлах,  өрсөлдөх чадвар, хүний хөгжлийг хангахад боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааг чиглүүлэхэд анхаарсан. Энэ утгаараа 1994 оны үзэл баримтлалд  “шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал” гэсэн хэсгийг өргөтгөн шинэ мэдлэгт тулгуурласан үзэл баримтлалын суурь болгон эдийн засгийн аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга замуудад тусгасан байна. Мэдлэг, мэдээлэл нь өөрөө эдийн засгийн категори болж, үндэсний үнэт нөөц, баялаг учир түүнийг чанд хамгаалж, арвижуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мэдлэгийн эдийн засгийн суурь болгох  тухай шинэлэг зүйлсийг тусгасан.
Ийм ч учраас 3.2.1.7-д шинжлэх ухааны шинжилгээ, судалгаа, инновацийг стратегийн ач холбогдолтой салбаруудад төвлөрүүлж, эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлнэ гэж тусгайлан томъёолсон бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хязгаарлагдмал нөөцөө хөгжлийн болон аюулгүй байдлын гол  асуудлуудыг шийдвэрлэхэд төвлөрүүлэх болно.
Монгол Улс өндөр технологийн салбарыг хөгжүүлснээр нэгдүгээрт, эрчимтэй хөгжлийн хөшүүрэг болгох хоёрдугаарт, газар зүйн түгжигдмэл байдлаас ангижрах хэрэгсэл болгох ач холбогдолтой. Энэ зорилгоор хана технологи, биотехнологи, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадавхыг хөгжүүлнэ гэж онцолсон. 
НҮБ-аас гаргадаг Хүний хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийд 100 дугаар байранд орсон нь Африкийн хэд хэдэн орноос доогуур үзүүлэлт юм. Боловсролын салбарт олон улсын стандартыг мөрдүүлж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, хүний хөгжлийг дээшлүүлэхэд чиглүүлнэ гэж 3.2.1.6-д онцгойлон заасан байна. Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэхэд чиглэсэн34 олон улсад хэвшмэл болсон эдийн засгийн цогц арга хэмжээ нь хүн төвтэй үзэл баримтлалын нэг онцлог.  Иймд эдийн засгийн аюулгүй байдлын гол үзүүлэлт нь хүний хөгжлийн болон өрсөлдөх чадавхын индекс байж зөвхөн ДНБ өсөлт зэрэг тоон үзүүлэлт бус иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бодит орлогын түвшин, нийслэлийн агаарын бохирдол, гэр хорооллын асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг тусгасан багц байх юм.  
Аливаа үндэстний хүч чадал нь газар нутаг, байгалийн баялаг, санхүү, хөрөнгө, хүний нөөцөөрөө тодорхойлогдож байсан бол тус үндэстний мэдлэг, мэдээлэл нь чухал баялаг, хүч болон хувирлаа. Улс орны хөгжлийг экспортолж байгаа зүйлээр нь ангилсан байдаг. Хамгийн буурай орон түүхий эд, дараагийн түвшний улс бараа бүтээгдэхүүн, гуравдугаар түвшний хөгжилтэй орон техник технологи, дөрөв дэх дээд түвшний улс орон мэдлэг экспортолдог байна. Тиймээс бид өөрийн улсдаа байгаа мэдлэгээ арвижуулан баяжуулж, экспортлох ёстой. Монгол Улс хөгжлийн анхан шатанд байгаа тул юуны өмнө доройтсон хүний нөөцөө сэргээх, түүнийг бэлэнчлэх сэтгэлгээнээс салгаж,  хөдөлмөрлөх чадвар олгох, гадагшаа чиглэсэн “оюуны урсгалыг” эргүүлэн татаж, монгол үндэстний удмын санг хамгаалах, этногенезийг бэхжүүлэн, нийгмийн пассионари энергийг32 хөгжил, дэвшил, аюулгүй байдлыг хангахад нэгтгэн дайчлах шаардлагатай. 
Ажилгүйдэл, ядуурлын улмаас монгол хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадвар алдагдаж, доройтолд орж, хүний нөөцийн үнэт хэсэг нь гадаадад гарсан, гадаадын ажилчид ихэсч тэдэнд тавих хяналт алдагдсан  бөгөөд 1994 оны Үзэл баримтлалын 33.8, 33.9-т энэ тухай анхааруулж байсан нь өдгөө бодит аюул болоод байна.
1990 оноос хойш ажил эрхлэлтийн түвшин эрс буурч нийтийг хамарсан ажилгүйдэл, ядуурал газар аван сүүлийн хорин жилд хөдөлмөрийн нөөц ихээхэн доройтсон.  2010 онд  ажилгүйчүүдийн эзлэх хувь 12.8 хувьд хүрч,26 шинээр ажлын байр бий болгох арга хэмжээ үр дүнд хүрэхгүй, ажилгүйчүүдийн тоо өссөн хэвээр байна.
Иймд 3.2.1.9-д дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж, иргэдээ ажлын байраар найдвартай хангах замаар ядуурлыг арилгах тууштай бодлого хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Хөдөлмөрийн орлого нь амьдралын гол эх үүсвэр байхаас гадна, иргэдээ санхүүгийн зах зээлд оролцуулж хөрөнгийн болон, арилжааны нэмэгдэл орлоготой болгох явдал чухал.  Хөдөлмөрийн зах зээлийн онцлогт шинжлэх ухааны үндэслэлтэй хандахад П.Даймонд нарын 2010 онд Нобелийн шагнал хүртсэн онол нь чухал үндэслэл болох аж.

Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого

Шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулахад гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж ихээхэн ач холбогдолтой байсан бөгөөд тэдгээрт тодорхой хөнгөлөлт үзүүлж ирсэн билээ. Харин үндэсний  хөрөнгө оруулалтыг тэргүүн зэрэгт тавьж, эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой хөгжих чадавхыг дээшлүүлэхэд тэдгээрийг дэмжих бодлого барих нь энэ Үзэл баримтлалын гол онцлог. Үндэсний хөрөнгө оруулагч гэдэг нь томоохон аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдаас гадна санхүүгийн зах зээлд өргөнөөр оролцох, хувьцаа эзэмшигч ард иргэдээ хамруулан хэлж байгаа юм. Аюулгүй байдлын талаас ч тэдгээрийн хөрөнгө оруулалтыг хамгаалах арга механизмуудыг тусгаж өгсөн. 
Үндэсний хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үндэсний хэмжээний томоохон төслүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхэд үндэсний компаниудаа давуу эрхтэй оролцуулах эрх зүй, зохион байгуулалтын зохицуулалтыг хийж мөрдүүлэх, орлогын хуваарилалтыг татвар, ногдол ашгаас гадна, цалин хөлс, бараа, үйлчилгээний нийлүүлэлтээр нэмэгдүүлэн эдийн засаг дахь оролцооны суурийг өргөтгөн чинээлэг дунд давхаргыг төлөвшүүлэх юм. 
Энэ зорилгоор  3.2.2.1-т  үндэсний хөрөнгө оруулагчдын эдийн засаг дахь хувь, оролцоог нэмэгдүүлэх, хамгаалах бодлого хэрэгжүүлж, улс орны эдийн засгийн аюулгүй байдал, хөгжил дэвшилд  шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ гэж заасан.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн ач холбогдолтой хэвээр байгаа тул  өрсөлдөх чадвар, санхүү, менежментийн үр өгөөжийг дээшлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, урт хугацааны хөгжлийн үндсийг тавих чухал хөшүүрэг, арга хэрэгсэл болгон цаашид ч дэмжих тухай 3.2.2.4-т заасан бөгөөд харин хөрөнгө оруулалтын бүтцэд анхаарах тухай заалтыг оруулсан. Энэ нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын эдийн засаг дахь тусгал бөгөөд улс төр, геополитик, аюулгүй байдлын үүднээс “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж 3.2.2.2-т заасан нь аль нэг орны хөрөнгө оруулалтыг хязгаарлах бус харин тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд бусад орны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарахыг хэлж буй юм.
Монгол Улсад 1990-2010 онд нийт 3.26 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон  бөгөөд түүний 53.4 хувь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалт байна.  Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 58.4 хувь нь уул уурхайд, 23 хувь нь худалдаа, 3.6 хувь нь банк санхүүгийн салбарт орсон нь хэт өрөөсгөл байгааг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд “үндэсний корпорацууд” хэмээх төрийн өмч давамгайлсан, хөрөнгө санхүүгийн асар их чадамжтай компаниуд бий болж, эдийн засгийн үр ашгийг үл харгалзан, хөрөнгө оруулалт нэрийдлээр зах зээлийн бус аргаар нөлөө тогтоох үйл ажиллагааг явуулж байна29. Тэдгээр нь “үндэстэн дамнасан” корпорацуудаас хэдийнээ илүү хүчирхэг болж давамгайлах байр суурийг эзэлсэн тул дотоодын эдийн засагт шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх зорилгоор “гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, ... үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулахдаа гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр баримтлах бодлогын зарчим алдагдахгүй байх эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлнэ гэж 3.2.2.2-3.2.2.3-т заажээ.

Төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдал

Улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг гол судас нь болох төсөв, санхүүгийн салбарын бүтэц өрөөсгөл, хадгаламж зээлийн хоршоод, арилжааны банкуудын үйл ажиллагаанд тавих хяналт суларч, чанаргүй зээлийн хэмжээ нь эрсдэлийн босгыг давж системийг бүхэлд нь тогтворгүй болгоод байна.
Уул уурхайн салбарын орлогоос хэт хамааралтай, төсвийн хангалттай хуримтлал бүрдүүлж чадаагүй манай улсын төсөвт дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал хүнд нөлөөлсөн.
Гадаад эдийн засаг таатай үед бодит үйлдвэрлэлийн хэмжээгээр бус үнийн өсөлтөөр огцом өссөн манай улсын төсвийн орлого гадаад зах зээл таагүй болох үед эрс буурч төсвийн зарлагын хэт тэлэлт нь хумихад төвөгтэй болж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд бэрхшээлтэй байдал үүссэн бөгөөд нийгмийн халамж, амлалтыг санхүүжүүлэх нь төсөвт асар их дарамт учруулж, бодит салбарын бүтээн байгуулалтын ажлыг сааруулах, эдийн засгийн өсөлтийг удаашруулахад хүргэж байна.
2009 онд төсвийн алдагдал  328 тэрбум төгрөг болж, ДНБ-ий 5.4 хувьд хүрсэн нь сүүлийн жилүүдэд тохиолдоогүй өндөр үзэгдэл байлаа. 2010 онд төсвийн алдагдлыг 462.2 тэрбум байхаар тооцож тодотгол хийсэн нь ДНБ-ний 6.4 хувьд хүрэхээр болсон байна. 2011 оны төсвийг 9.5 хувийн алдагдалтай баталсан нь олон улсын босго үзүүлэлтээс хол давж, Европын улсуудад үүсээд байгаа төсвийн өрийн хямралд орох эрсдэлтэй.
Үүнээс сэргийлж Үзэл баримтлалд  эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ гэж заасан нь мөн л эдийн засгийн аюулгүй байдлын тэнцвэртэй байх, хөгжил, дэвшил нь өөрөө аюулгүй байдлыг хангах нөхцөл гэсэн дуализмыг илэрхийлж байгаа юм.
Төсвийн тэнцлийг чанд сахиж, мөнгө, зээлийн бодлогыг үр дүнтэй болгож, олон улсын жишигт нийцүүлэн төсвийн алдагдлыг ДНБ-ний гурван хувь, гадаад, дотоод өрийн үлдэгдлийг ДНБ-ний таван хувиас хэтрүүлэхгүй хэмжээнд байлгах27-28 дорвитой арга хэмжээг авах шаардлагатай байна.  Төр, хувийн хэвшлийн  бонд, хувьцаа, үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гаргахдаа төлбөрийн чадвар, балансын тогтвортой байдлыг хангахад анхаарах талаар Үзэл баримтлалд “Засгийн газрын авах зээл нь бодит эдийн засгийн салбарт чиглэгдэх бөгөөд эдийн засгийн аюулгүй байдлыг хангасан, зохистой харьцаанд байна гэж заасан.   
Мөн 3.2.3.3-т  Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана гэж заасан нь олон улсын дундаж үзүүлэлтээс урт хугацааг заасан боловч дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй энэ үе шатанд зайлшгүй авах арга хэмжээ юм.
Гадаад валютын ханшны тогтворгүй байдлаас сэргийлэн нөөцийн эрсдэлийг олон эх үүсвэрт хуваарилан, төрөлжилтийг хэд хэдэн голлох валют, үнэт металл, гадаад улсын бонд, үнэт цаас болон бусад хэлбэртэй болгох, нөөцийн хадгалалт, байршуулалтыг эрсдэлгүй болгох талаар 3.2.3.4-т заасан байгаа. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ нэмэгдэж байгаа өнөө үед алтны үйлдвэрлэлээ дэмжин, олборлосон алтыг бүрэн тушаадаг болгон хяналтаа сайжруулан, хууль бус наймааг зогсоох эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг авах,  дотооддоо цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, гадаадад байршуулахаас гадна дотооддоо нөөцийн томоохон агуулахыг байгуулж хадгалах арга хэмээ авах шаардлагатайг мөн энд заасан юм.  
Дэлхийн ихэнх улс орнууд үндэсний мөнгөн тэмдэгтээ сулруулж экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа энэ үед төгрөгийн ханш  эрчимтэй чангарч байгаа нь эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагавар авчрах төлөвтэй байна.
Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт чангарснаар богино хугацаанд инфляцыг сааруулах, ард иргэдийн орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, импортын барааны үнийг бууруулах зэрэг эерэг талтай.
Гэвч дунд болон урт хугацаанд манай гол орлого болох экспортын ашиг буурах, төгрөгөөр төлөгдөх татварын хэмжээ эрс багасах, үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх, хөрөнгө оруулалт багасах, үр тариа, гурилын болон импортыг орлуулах дотоодын үйлдвэрлэл ашиггүй болж импорт улам давамгайлах, ажлын байр нэмэгдэхгүй, ажилгүйдэл ихсэх зэрэг үр дагавар гарах хандлагатай. Энэ нь даамжирвал цаашид зах зээл дээрх валютын нийт хэмжээ хэт нэмэгдэн, төгрөгийн зах зээл дэх хэмжээнээс давж төгрөгөөр мөнгөний бодлого явуулах төрийн чадамжийг алдагдуулан эдийн засгийн бие даасан байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна.
Эдийн засагт алив савалгаа сөрөг нөлөөтэй. Инфляцын огцом өсөлт ихээхэн эрсдэлтэй байдаг ч мөн огцом бууралт болон дефляц ч эдийн засгийн идэвхийг эрс бууруулан царцааж өсөлтийг сааруулдаг. Иймд Үзэл баримтлалын 3.2.3.4-т  “мөнгөний бодлогын үр дүнг дээшлүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах, хөрвөх чадварыг сайжруулж, тогтворжуулна. Дотоодын гүйлгээ, төлбөр, тооцоонд зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтийг хэрэглэж, үндэсний мөнгөн тэмдэгтийн дотоодын зах зээлд эзлэх хувь, хэмжээг зохистой түвшинд байлгана” гэж заасан.  
Монгол Улсын эдийн засгийг мөнгөний ханшийн савлагаанд өртүүлэхгүй, тэнцвэртэй өсөлтийг нь хангахад чиглэсэн төгрөгийн зохистой ханшийг тогтвортой байлгах, зах зээл дэх төгрөг гадаад валютын нийт хэмжээний харьцааг мөнгөний бодлого явуулж болохуйц хэмжээнд байлгах арга хэмжээг авч, экспортыг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг сайжруулах, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. 
Арилжааны банкууд 1990-ээд онуудад дампуурсан, 2000 оны эхээр хадгаламж, зээлийн хоршоодод тавих хяналт суларч тэдгээр нь дампууралд орж хохирлыг төрөөс нөхөн төлсөн. Банкны салбарт чанаргүй зээлийн хэмжээ 2008 онд эрс өсч, энэ нь дэлхийн санхүүгийн хямралтай давхцан банкны салбар бүхэлдээ эрсдэлд орсон. 
Энэ байдал давтагдахаас сэргийлж Үзэл баримтлалын 3.2.3.5-т Банк дундын эрсдэлийн сан байгуулж, санхүүгийн байгууллагын буруугаас үүдсэн аливаа хохирлыг төр хариуцах зарчмаас татгалзана гэж заасан нь эдийн засгийн хямралаас сургамж авч дэлхийн улс орнууд банкны салбарын ил тод, хариуцлагатай байдлыг өндөржүүлж хяналт, зохицуулалтын арга механизмуудыг шинээр бий болгож байгаагийн нэг илрэл.
Банкны салбарын актив хөрөнгийн хэмжээ нийт санхүүгийн салбарын 95.5 хувийг, бусад санхүүгийн байгууллагынх нийлээд дөнгөж 4.5 хувийг эзэлж байгаа нь тус салбар өрөөсгөл бүтэцтэйг харуулж байна. Үнэт цаасны арилжаа 2010 оны 11 дүгээр сард 26.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өнөөгийн шаардлагыг хангахааргүй бага түвшинд байна. Иймд банк, санхүүгийн салбарын бүтцийг кластер тогтоцтой болгож, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэн байх ёстой бүх төрлийн санхүүгийн үйлчилгээний хэлбэрийг, үнэлгээ  хяналтын тогтолцоотой нь хамт бий болгох шаардлагатай.  
 Банкны тогтолцоонд нийт дүнгээр активын хэмжээ өссөн боловч зээл олголт дорвитой нэмэгдэхгүй байна. Энэ нь арилжааны банкуудын зээлийн хүү өндөр, хугацаа богино байгаа,  нийт зээлийн багцад эзлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өндөр, эрсдэлтэй  байгаатай холбоотой.
Банк, санхүүгийн байгууллагуудын хяналт сул байснаас үүдэн хэд хэдэн банканд ноцтой алдаа, дутагдал гарч дампуурахад хүрсэн, санхүүгийн гэмт хэрэг гарах эх үүсвэр болж байгаа тул Үзэл баримтлал үүнийг анхааруулж  3.2.3.6-т “Гадаад, дотоод томоохон төлбөр, тооцоо, зээл, акредитивийн хөдөлгөөнд хяналт тавих, эдийн засаг, санхүүгийн салбарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгаж шийдвэрлэх тогтолцоог хөгжүүлнэ” гэж заасан.

Эрчим хүч, эрдэс баялгийн салбарын бодлого

Монгол орон өнөө үед эрчимтэй хөгжиж буй улсуудын  дунд оршиж, байгалийн нөөц ихтэй жижиг улсын хувьд бүс нутгийн геостратегийн ашиг сонирхлын солбицол болж байгаа нь 1994 оны Үзэл баримтлалын 33,34-т заасан  эрсдэлүүд4 нь бодит аюул болох магадлал ихсэж байна.
Улс төр, цэргийн бодлогод нөлөөлөх уламжлалт занал үүсгэх хүчин зүйлүүд харьцангуй суларч газрын тос, байгалийн хий, эрчим хүчний хомстол, санхүү, хөрөнгийн зах зээлийн хямрал, шашин, соёлын нөлөөлөл зэрэг уламжлалт бус аюул, занал зонхилох болов6-7.
Дээрх эрсдэлүүдээс сэргийлэхийн тулд олон тулгуурт гадаад бодлогыг эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа боловч нэг улсын хөрөнгө оруулалт давамгайлсан, хүнс, газрын тос зэрэг стратегийн бүтээгдэхүүнээр хоёр хөршийн импортоос хараат байдалд хэвээр байгаа юм.
Эрдэс, баяжмалын нөөц, агуулгыг бүрэн тооцохгүй, татвар, шимтгэлийг бүрэн авахгүй, тусгай зөвшөөрөл, химийн хортой бодисын хэрэглээнд тавих төрийн хяналт сул, хууль бус ашигт малтмал олборлогчдыг хязгаарлаж бусад салбарт ажлын байраар хангаж чадахгүй, байгаль орчныг ихээхэн сүйтгэж байгаа зэрэг нь тус салбарын олон жил үргэлжилсэн хүндрэлүүд болоод байна. Эрдэс бүтээгдэхүүний экспортод тавих төрийн хяналт алдагдаж бүтээгдэхүүний хэмжээ, үндсэн болон дагалдах элементийн агуулгыг бүрэн тодорхойлж чадахгүй төсвийн орлогын бүрдүүлэлтэд алдагдал учруулж байна.
Эрдэс баялгийн аюулгүй байдлын асуудал нь өнөө үед улс орнууд, бүс нутгийн хувьд эдийн засаг, байгаль орчин,  стратегийн  харилцан хамааралтай, улам ээдрээтэй, төвөгтэй, уламжлалт бус заналхийллийн гол хэлбэр, өрсөлдөөн, сөргөлдөөний гол угшил болсон байна1,5-7.
Иймд Үзэл баримтлалын 3.2.4.1 “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчилж, түүхий эдийн хавсарга, гадаад, дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын сөргөлдөөний талбар болох, байгаль орчныг доройтуулахаас сэргийлнэ” гэж онцгойлон анхааруулсан.
Алтны үйлдвэрлэлийн харилцаа бүрэн бүрэлдэж тогтоогүй байхад “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль батлагдаж,  сүүлийн гурван жилд олборлолтыг уналтад оруулсан.  Монгол банканд тушааж буй алтны хэмжээ жилээс жилд эрс буурч, томоохон үйлдвэрлэгчид олборлолтоо хумьж, жижиг дунд үйлдвэрлэгчид нь дампууран  хаагдаж, энэ салбарт хууль бус олборлолт, алтны далд сүлжээ  үүсч, хөрөнгө оруулалт эрс татарсан юм.
Уул уурхайн салбарт химийн хорт бодисыг технологийн дагуу хэрэглэх ёстой боловч хяналт сул байгааг ашиглан  гар аргаар алт олборлож байгаа иргэд хууль бусаар, технологийн горимгүй хэрэглэж байгаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчныг хордуулах үндсэн шалтгаан болж байна.
Манай улсын эдийн засгийн үндсэн активууд болон улсын төсвөөр хийгдсэн геологи хайгуулын судалгааны үр дүнд нээгдсэн ордуудыг үнэ төлбөргүй шахуу тарааж, лицензийн олголтыг хяналтаас гаргасан. Энэ салбарт төрийн бодлого алдагдсан бөгөөд уул уурхайн салбараас орох орлого татвараас чөлөөлөгдсөн хэвээр.
Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж буй аж ахуйн нэгжүүд орлогоо нууж, татвараас зайлсхийсээр байна. Тэдний борлуулалтыг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах хуулийн заалтыг тууштай хэрэгжүүлэхгүй, нөөц ашигласны төлбөр, татварын хэмжээг бодитой тогтоож35 чадахгүй орлого алдсан хэвээр байна. 
Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар олон төсөл, саналууд ирүүлсэн байдаг боловч үйлдвэр байгуулах хөрөнгө, санхүүжилтийн асуудал нь тодорхой бус, техник технологийн сонголт бүрэн хийгдээгүй, ажил хэрэг болгохгүй орхигдуулсаар байгаа юм.
Түлш, шатахууны салбар 100 хувь гадны импорт, үнийн хэлбэлзлээс хамааралтай бөгөөд жилд нэг их наяд төгрөгөөс их үнээр түлш, шатахууныг нэг улсаас худалдан авч байгаа бөгөөд энэ нь гадаад худалдааны алдагдлын гол шалтгаан болж байна.
Иймд Үзэл баримтлалын 3.2.4.2-т түлш, эрчим хүчний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана,  3.2.4.3-т  газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгаж, улмаар 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангана. Үнийн хэт хэлбэлзэлд өртөх эрсдэлээс сэргийлж, улсын нөөцийг түүхий нефтээр зургаан сарын хэрэгцээнээс доошгүй хэмжээнд байлгана гэж онцлон цаг хугацааг заасан тодорхой зорилтыг тавьсан юм.
Цахилгаан, дулааны шугам сүлжээ хуучирсан, нийгмийн салбарын хэрэгцээг харгалзан үнийг төрөөс бага тогтоож нөгөө талаас эрчим хүчний салбарын үр ашиггүй, үрэлгэн үйл ажиллагаанаас эдийн засгийн сөрөг цикл үүсээд байна. Шатахууны хангамж, бөөний болон, жижиглэн худалдаа дэлхийн зах зээлийн үнийн савалгаа, нэг улсын экспорт, тээврийн тарифын нөлөөнд байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн хэрэглээний бүх салбарт цахилгаан, дулаан, шатахууны зохистой хэрэглээ, хэмнэлтийн горим, ухамсар, соёл  тогтоогүй нь макро эдийн засгийн ихээхэн алдагдалд хүргээд байгаа.
Эрдэс баялгийн салбарын ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, хайгуулыг дэмжиж, түүний ашиглалт, тусгай зөвшөөрөл, орлогод тавих хяналтыг сайжруулж боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарыг нийт үйлдвэрлэлийн 60-аас дээш хувьд хүргэх шаардлагатай.
НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын хийсэн судалгаагаар манай орны экспортын бүтээгдэхүүний 85 орчим хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн түүхий эд байгаа нь аливаа улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болсон нэмүү өртгийн бодит үйлдвэрлэл маш доогуур байгааг харуулж байна. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын индекс дэлхийд 99 дүгээр байранд байгаа.
Дэлхий нийтээр цөмийн энергийг өргөнөөр хэрэглэх болж, ураны судлагдсан нөөц нь багасаж,  нийлүүлэлт нь хүрэлцэхгүй байгаа өнөө үед хамгийн эрчимтэй хөгжиж буй, эрчим хүчний томоохон хэрэглээтэй улс орнуудтай нэг бүсэд оршиж буй Монгол Улсын хувьд эдгээр улсуудтай энэхүү стратегийн чухал салбарт хэрхэн хамтран ажиллах нь тулгамдсан асуудал болоод байна.
Энэ чухал салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ үндэсний эрх ашиг, геостратегийн үүднээс хандах нь чухал. Монгол Улсын хувьд цөмийн энергийн салбарт олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлэхдээ хоёр хөрш болон гурав дахь хөршийнхээ ашиг сонирхлыг тэнцвэржүүлж, аль алинтай идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай.
Хүчний тэнцвэртэй байдал нь аюулгүй байдлыг хангах зайлшгүй нөхцөл болж, харин түүн дээр олон талт идэвхтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь  аюулгүй байдлын хангалттай нөхцөл болно гэсэн дуализм бас энд илэрч байна.  Ингэснээр нэг талаас эрсдэлийг хуваарилан саармагжуулж, нөгөө талаар хамтын аюулгүй байдлын механизм тогтох юм.
Аливаа улсын хувьд Цөмийн эрчим хүчний салбар нь шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, боловсон хүчнийг эрчимтэй хөгжүүлэх чухал хөшүүрэг болдог тул энэ салбарыг олон улсын жишгээр кластер тогтоцтой байхаар хөгжүүлж хайгуул, олборлолт, боловсруулалт, цахилгаан үйлдвэрлэл, цөмийн түлшний хадгалалтын циклийг аюулгүй ажиллагааны стандартын өндөр түвшинд олон улсын хамтын ажиллагаагаар, чанад хяналтын дор хөгжүүлэх болно. Энэ тухай 3.2.4.4-т “Цөмийн эрчим хүчний салбарыг үндэсний ашиг сонирхол, энхийн зорилгоор ашиглах зарчимд нийцүүлэн хөгжүүлнэ. Цөмийн циклийг хөгжүүлж, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, боловсруулалт, хөрвүүлэлт, баяжуулалт, эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож, бэхжүүлнэ” гэж заасан.
Цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч,  боловсруулагч, экспортлогч орны нэг болох, улмаар цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэндэд халгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэх зорилт тавьж байна.

Гадаад худалдаа, интеграцын бодлого

Эдийн засгийн салбарт олон улсын тэнцвэртэй, найрсаг харилцааг хөгжүүлэх,  хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар улс орны эдийн засгийн бие даасан байдлыг хамгаалж, олон улсын түвшин дэх байр суурийг бататгах нь гадаад худалдаа, интеграцын оновчтой бодлогын гол үндэс юм.
Монгол Улсын эдийн засгийн  аюулгүй байдал нь олон улсын эдийн засгийн аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тэр нь манай эдийн засгийн аюулгүй байдлын гадаад орчныг бүрдүүлж байна. Энэ байдал нь 2008 оны хямралаар харагдаж манай эдийн засгийн эмзэг байдлыг улам ил болгож өгсөн.
Монгол Улс нь эдийн засгийн бие даасан, тогтвортой хөгжих дотоод нөхцөлүүдийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын интеграцад оновчтой нэгдэх, аюулгүй байдлаа хамтын аюулгүй байдлын арга механизмуудаар бэхжүүлэх нь чухал. Энэ нь 2008 оны хямралын дараах протекционизмын хандлагатай болсон өнөө үед чухал зорилт болсон. Нөгөө талаас Ази тивд интеграцын процесс эрчимтэй явагдаж, Зүүн Азийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаагаас хоцрогдох, газар зүйн хувьд түгжигдмэл хэвээр үлдэх эрсдэл байна.
Эдийн засгийн системийн онолын үүднээс хүрээлэн буй системүүдтэй харилцан үйлчлэлд орж улмаар тэдгээрийн хөгжилтэй синхрончлогдон15-16 уялдан хөгжиж болохыг 3.2.5.4-т “Бүс нутгийн болон олон улсын интеграцад нэгдэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг эдийн засгийн аюулгүй байдал, хөгжлийн шаардлагыг харгалзан, судалгаа, тооцоонд тулгуурлан, шат дараатай, сонголттойгоор хэрэгжүүлнэ” гэж онцолсон. Чингэхдээ даяаршлын хүчин зүйлийг харгалзах Үзэл баримтлалын зарчмын (1.2.6) дагуу “Даяаршил улс үндэстний бусдаас хамаарах эмзэг байдлыг нэмэгдүүлж, нөгөө талаас үндэсний ашиг сонирхлоо гадаад нөөц бололцоог ашиглан хамгаалж бататгах боломж олгож” байгааг оновчтой ашиглахыг анхааруулж байгаа юм.
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элсэж, гадаад эдийн засгийн нээлттэй бодлого явуулсан нь чухал ач холбогдолтой байсан хэдий ч экспортын хэт нээлттэй бодлого явуулсны үр дүнд үндэсний үйлдвэрлэл уналтад орж өдгөө арьс, шир, ноос боловсруулах хүчин чадалгүй болж, үнэгүйдэж, ноолуур болон бусад түүхий эдийн үнийг гадаадын худалдан авагчид тогтоож байна. Ноолуурын үнийг 2010 онд  45-55 ам.долларт хүргэн хөөрөгдсөн нь нэг талаас малчдын орлого нэмэгдэж байгаа боловч үндэсний үйлдвэрүүдийг хүнд байдалд оруулсан. Хөрш орнуудад гаргах экспортын нэр төрөл цөөн, боловсруулаагүй түүхий эд  голлож тарифын болон тарифын бус саад, хоригтой байна.
Дээрх байдлыг харгалзан Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нэгэн чухал арга хэрэгсэл нь гадаад худалдаа, интеграцын оновчтой бодлого гэж томъёолж түүний зорилтыг 3.2.5.1-т “Цөөн зах зээл, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт, импортоос хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулна” гэж заасан. 
Гадаад эдийн засгийн харилцааг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чухал арга хэрэгсэл гэж үзэн 3.2.5.2-т “Гадаад худалдааны алдагдлыг багасгаж, тарифын болон тарифын бус арга хэрэгслийг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зохистой хэрэглэнэ. Стратегийн бараа, түүхий эдээр үндэсний үйлдвэрлэлийг найдвартай хангаж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан.
Гадаад худалдааны алдагдал өсөхөд манай орны экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох боловсруулаагүй болон хагас боловсруулсан түүхий эд, зэс, алтны экспорт голлосон хүнс, өргөн хэрэглээний барааны импортоос хамаарсан хэвээр байгаа нь нөлөөлж.
Гадаад худалдааны салбарт олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг баримталж 3.2.5.3-д “Нэг орноос худалдан авах бараа бүтээгдэхүүнийг нийт импортод хэт давамгайлахаас сэргийлэх...”, дотоодын зах зээлийн орчныг эрүүлжүүлж, ил тод, чөлөөт өрсөлдөөн, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор “түүхий эд бэлтгэл, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн зохиомол хэлбэлзэл, монополь, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулна. Дотоодын үйлдвэрлэл, зах зээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно” гэсэн зорилтуудыг заасан.  
Үзэл баримтлалд заасан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах өргөн хүрээтэй зорилтуудыг тодорхой тусгасан бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгож (4.1) хөгжүүлэх нь төрийн бүх шатны байгууллагуудын ажлын гол зорилт болж байна.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсанаар Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиудыг шинэчлэх ажил хэдийнээ эхэлж цаашлаад аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх олон хуульд нэмэлт өөрчлөлт орно. Гадаад бодлогын үзэл баримтлал, аюулгүй байдлын салбарын болон эдийн засгийн аюулгүй байдлын стратегийн томоохон баримт бичгүүд шинэчлэгдэх эсхүл шинээр боловсрогдох болно. Энэ үйл ажиллагаанд бүх шатны төр, орон нутаг, олон нийтийн болон аж ахуйн байгууллага,  ард иргэд  идэвхтэй оролцох нь чухал ач холбогдолтой юм.

Дүгнэлт

Хурдацтай өөрчлөгдөж байгаа аюулгүй байдлын орчинд үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгахад зайлшгүй шаардлагатай эдийн засгийн гадаад болон дотоод нөхцөлүүдийг бүрдүүлэх, эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тэнцвэртэй хөгжлийг хангах эдийн засгийн аюулгүй байдлын зорилтуудыг шинэчлэгдсэн Үзэл баримтлалд тодорхой зааж өгсөн.
Үзэл баримтлалын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах онол, арга зүйн үндэс нь эдийн засгийн систем тэнцвэртэй байх, хөгжил, дэвшил нь өөрөө аюулгүй байдлыг хангах нөхцөл гэсэн дуализмыг илэрхийлж байна. Энэ үзэл санаа нь олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцын асуудлаар оновчтой бодлого баримтлах зорилтуудад тусгалаа олж эдийн засгийн аюулгүй байдлын гол агуулга болжээ.   
Эдийн засгийн системийн өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, удирдан зохицуулж, тэнцвэр, хөгжил, аюулгүй байдлыг  хангах зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөлийг мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурлан, хязгаарлагдмал нөөцийг оновчтой дайчлан бүрдүүлэхэд эдийн засгийн аюулгүй байдлын мэдлэгт суурилсан бодлого, стратеги, үйл ажиллагаа чиглэгдэж байна.
Эдийн засаг өөрийн дотоод  хуулиар хөгжихөд нь төрөөс дэмжин, хямрал, эрсдэлд өртөхгүй дархлаатай байх нөхцөлүүдийг бүрдүүлэх, тэнцвэртэй байдлаа хадгалах, “тэнцвэртэй үргэлжлэн хөгжих” чадварыг хангах төрийн зохицуулалтын арга хэмжээг оновчтой авах нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад шийдвэрлэх ач холбогдолтой. 
Үзэл баримтлалд аюулгүй байдалд хандах хандлага, шийдвэрлэх арга замуудыг шинээр томъёолж аюулгүй байдлын үндсэн зургаан чиглэлээр цогц, консайленс хэлбэрээр харилцан уялдаатай хангах, нийгэм, иргэдийн хамтын хүчээр хангах зарчим дээр тулгуурласан байна.   
Хувь хүний аюулгүй, амгалан, эрүүл, хангалуун амьдрал нь нийгмийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн сурвалж болж, энэ нь цаашлаад төр, улс, үндэсний аюулгүй байдлыг хангана. Мөн төр, нийгэм нь аюулгүй байж иргэнийхээ аюулгүй байдлыг хангана  гэсэн хүн төвтэй аюулгүй байдлын үзэл юм. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдал нь хүний амар амгалан, аюулгүй, эрүүл, хангалуун амьдрах, түүний хөгжих, хөдөлмөрлөх нөхцөл бүрдсэн, түүний орлого, хүрээлэх, амьдрах орчин, хүнс нь аюулгүй байх цогц, бодитой, оновчтой шийдлийг тусгасан тодорхой арга замуудыг зааж өгсөн.
Өнөөгийн тулгарч буй аюул, занал, эрсдэлийг төр, нийгэм, иргэд хамтран ажиллаж үндэснийхээ эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нь шинэ Үзэл баримтлалын гол онцлог тул юуны өмнө төрийн эдийн засгийн зохицуулалт, удирдлагын чадавхыг сайжруулах, ард иргэд болон олон нийтийн байгууллагын оролцоог хангах эрх зүй, зохион байгуулалтын  арга хэмжээг авах шаардлагатай байна. 

1.    Alan M. Wachman Mongolia’s Geopolitical Gambit:Preserving a Precarious Independence While Resisting “Soft Colonialism” , 2009,Tufts University
2.    Complexity and the History of Economic Thought., 2010: http://sandcat.middlebury.edu/econ/repec/mdl/ancoec/0804.pdf , Arthur, Brian; Durlauf, Steven; Lane, David A (1997). "Introduction: Process and Emergence in the Economy". The Economy as an Evolving Complex System II. Mass.: Addison-Wesley. http://www.santafe.edu/~wbarthur/Papers/ADLIntro.html
3.    Neil E. Harrison, ed. Complexity in World Politics: Concepts and Methods of a New Paradigm. New York: State University of New York Press, 2006. Судалгааны ажлууд, Товхимол-5, 2010. Монгол Банк.
4.    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал.  1994
5.    Ц. Даваадорж. Монголын уул уурхайн аж үйлдвэр-85 жил. Эмхтгэл. 300-310 х.
6.    Е.Козловский. Россия: Минерально-сырьевая политика и национальная безопасность. Изд. МГГУ. 2002
7.    Ж. Баясах. Гадаад бодлого хийгээд аюулгүй байдал. МУИС.2010.
8.    Монгол Улсын  Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. УИХ-ын 48-р тогтоол.2010 он.
9.    Arnold, V. I. Catastrophe Theory, 3rd ed. Berlin: Springer-Verlag, 1992, H.Haken, Synergetik, Springer-Verlag, 1982,Ц.Дэмбэрэл, Сүйрлийн онол ба Монголын эдийн засаг, ХУДС,2002
10.    Монгол Улсын Үндсэн хууль. 1992 он.
11.    R. Mettin, "Optimierte periodische Steuerung nichtlinearer dynamischer Systeme", Shaker Verlag Aachen (1996).
12.    Gabriele Tondl et al, Regional growth cycle synchronisation with the Euro Area, http://www.esri.ie/, 
13.    Xiang Li  et al, Synchronization in Complex Dynamical Networks and Its Аpplications, http://www.gaianxaos.com/pdf/networks/sync_in_complex_dynamcial_nets.pdf
14.     T. Davaadorj, P. Koch, A. Pluta, U. Parlitz, W. Lauterborn, Proceedings of the NAG/DAGA 09, Rotterdam,2009, Ts. Davaadorj  Noise induced synchronization of cavitation bubble, 2001. Max Plank Institute for Physics of Complex Systems, Dresden
15.     United Nations. 1987."Report of the World Commission on Environment and Development." General Assembly Resolution 42/187, 11 December 1987. Retrieved: 2007-04-12
16.      L.Sella et al. , Economic cycles and their synchronization: spectral analysis of GDP time series from Italy, the Netherlands, and the UK.www.bwl.uni-kiel.de/gwif/econophysics/abstracts/Sella_paper.pdf 
17.    Proceedings of Int. Conference on “The International Conference on Optimization, Simulation and Control”, Ulaanbaatar, 2010
18.      George J. Stigler, The Theory of Economic Regulation,1971
19.     http://documents.nytimes.com/draft-of-president-obama-s-financial-regulation- proposal?scp=2&sq=Obama
20.     N. Roubini and S. Mihm. A Crash Course in the Future of Finance.2010
21.     Worldwide Governance Indicators , World Bank Institute.
22.     Д. Тунгалаг. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын зарим асуудал. 2009, Ц.Лхам, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад ХБНГУ-ын хүчин зүйл, Стратеги судлал, №: 51, 2010
23.    С. Цэцгээ. Даяаршлын нөхцөл дэх үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, түүнийг  хангах механизмыг боловсронгуй болгох нь. Адмон. 2008
24.    В.С.Паньков,Международная и национальная экономическая безопасность. Междунарадная экономика. 11. 2010
25.     В.К.Сенчагов. Экономическая безопасность России. Бином.2009
26.    Д.В.Гордиенко. Основы экономической безопаснасти госудагства. Инфра-М. 2009
27.    Монгол Улсын эдийн засгийн тойм. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо. 2010
28.    M. E. Porter, 1998, Clusters and the new economics of competition, Harvard Business Review, Nov/Dec98, Vol. 76 Issue 6
29.     “Strategies and Influence of Emerging National Oil Companies on World Energy Markets”, Institute for Public Policy at Rice University and Petroleum Energy Center of Japan, Э.Энхгэрэл, Хятадын төрийн өмчит корпорациуд, Стратеги судлал, №: 51, 2010
30.     http://www.equator-principles.com/principles.shtml
31.     http://www.pincock.com/perspectives/Issue79-ProjectFinancing.pdf,
32.    Л.Гумилев, “Этногенеус ба Дэлхийн био орчин” 2010
33.    Ц.Батсүх. “Монгол Улсын өрсөлдөх чадварыг шинжилгээ” “Стратеги судлал’’ сэтгүүл, № 45 (1/2009)
34.    С.Жахан. Н.Батнасан “ Хүний хөгжил” Улаанбаатар хот , 2006 
35.    А.А. Голуб, Е.Б. Струкова. Экономика природных ресурсов. Аспект пресс, 2001
36.    Р. Батмэнд, Үндэсний хөгжлийн цогц бодлогын философи, зарчим, онол, арга зүй практик үр дүн, Стратегий судлал,   45, 2009
 

 

* Ц.Даваадорж. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах онол, арга зүйн зарим асуудлууд” //, Стратеги судлал сэтгүүл, (2011, №53), 14 дахь тал