Оршин тогтнохуйн аюулгүй байдал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд*

О.Машбат (Стратегийн судалгааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга)

Оршил

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай, түүний үндэс болсон оршин тогтнолын тухай ярихад маш олон эсрэгцсэн хандлагууд ажиглагддаг. Тухайлбал, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд гаднаас хэн ч заналхийлээгүй байна” гэсэн одоогийн байдалд хийсэн дүгнэлт, “эдийн засгийн нийтлэг сонирхол давамгайлж, даяаршиж байгаа нөхцөлд цэргийн хүчээр асуудлыг шийднэ гэдэг хэтэрхий хоцрогдсон зүйл” хэмээн өнгөцхөн төсөөлдөг. Гэтэл зарим нь “хятадууд монголчуудыг эдийн засгийн хувьд боомилж, үндэстний хувьд уусгах гэж байна” гэх мэт хэт сэжиглэдэг. Ийнхүү үл ойшоох, хэт дөвийлгөх хоёрын хоорондох асар уудам орон зайд оршин тогтнолын маань бодит асуудал уусч бүдэгрээд байгаа юм.
Оршин тогтнолынхоо асуудлыг бүрэн шийдчихсэн улс одоогоор энэ ертөнцөд алга. АНУ их гүрэн хэмээгдэвч тэлэх тусам аюулгүй байдалтай нь холбоотой асуудал энэ дэлхий дээр байхгүй мэт болоод хамаг хүч нөөцөө дэлхий даяар цацаж, эцэст нь эдийн засаг нь тамирдаж эхлээд байна. Орос, Хятад аль аль нь дотор, гаднаа бэрхшээлтэй, тэр бэрхшээл нь даамжирвал оршин тогтнол нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж болзошгүй аюултай байна.
Харин одоохондоо Монгол Улс л хөрш хоёр гүрэн маань тогтвортой байгаагийн ачаар гаднаас халдах дайсангүй харьцангуй амар жимир байна. Өөрөөр хэлбэл, Орос, Хятад хоёр улс бүрэн бүтэн, хүчирхэг байгаа, хоорондоо бас найрсаг харилцаатай байгаа учраас манай гадаад аюулгүй байдал өнөөдөртөө баталгаатай байна.
Гэвч ийм байдал хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг бид зайлшгүй бодож, тооцож байх ёстой. Хөрш хоёр орон, зэргэлдээ бүс нутагт алдсаа манай аюулгүй байдал, аюулгүй байдлаа хангах бодлогод шууд нөлөө үзүүлж болзошгүй чамгүй олон хүчин зүйл бий. Өнөөдрөөрөө ирээдүйг яг ийм байна гэж таамаглах хэтэрхий гэнэн хэрэг билээ. Олон улсын байдал, манай хөршүүд, хүрээлэн буй бүс нутгийн байдал сүүлийн хорин жил огт өөр болсон, дараагийн хорин жилд бүр ч өөр болох нь тодорхой.
Тиймээс л бид угтаж харж, алсыг бараалан, оршин тогтнолын аюулгүй байдлаа бэхжүүлэхийн төлөө өнөөдрөөс ажиллах хэрэгтэй байна. Энэ зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын улсынхаа оршин тогтнолын асуудлыг өнгөрсөн хорин жилийн алдааг нь засч, оноог нь бэхжүүлэх замаар хэрхэн шинэчилсэн тухай товч танилцуулахыг хичээлээ.

Аминаас чухал үйлс

Аюулгүй байдлын тухай асуудал юуны аюулгүй байдлын тухай ярьж байгаагаас, юуг бид Монгол Улсын оршин тогтнолын амин чухал зүйл гэж үзэх вэ гэдгээ тодорхойлохоос эхэлнэ. Юуны төлөө манай өвөг дээдэс амиа зольж, юуны төлөө бид Манж Чин гүрнээс тусгаар тогтнолоо зарлаж, юугаа хадгалж үлдэхийн тулд өнөөдөр олон улсын тавцан дээр их гүрнүүдийн сонирхлын зөрчил, солбилцол дээр дэнжигнэж яваа юм бэ гэдгээ ухаарахаас энэ асуудал эхэлнэ.
Улс гэдэг бол төр,  газар нутаг, хүн амаас бүрддэг, энэ гурвынхаа төлөө аливаа үндэстэн үхэн хатан тэмцдэг юм гэдэг, энэ нь ч үнэний хувьтай. Монголчууд бид төр улс, газар шороо, үндэс угсааныхаа төлөө л тэмцэж ирсэн, түүнийгээ бид тусгаар тогтнол дээрээ үндэслэж, бүрэн эрхээрээ баталгаажуулдаг. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах нь оршин тогтнохуйн аюулгүй байдлын үндэс мөн” хэмээн заасан юм.
Өөрөөр хэлбэл, төр улсын тухайд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн хувьд түүний бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдал, үндэстний хувьд хүн ам, удмын сан, соёл иргэншлийн асуудал тус тус аюулгүй байдлын объект болон тодорхойлогдож байгаа юм. Онолын үүднээс даяаршлын нөлөөгөөр бүрэн эрхт байдлын тухай ойлголт харьцангуй болж, тусгаар тогтнолын суурь хувьсаж, хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал эдийн засгийн үнэлгээтэй болж, соёл иргэншлүүд харилцан нийтлэгшиж, удмын санг ямар нэг “цэвэр ариун цус” буюу хүний үүлдрээр тодорхойлох хандлага явуургүй болж байна. Тиймээс эдгээр ойлголтыг хуучин ханлдагаар тодорхойлох нь аргагүйр, агуулгын хувьд заавал шинэчлэх шаардлагатай бөгөөд үүнд энэ үзэл баримтлал нэн ач холбогдолтой боллоо.

Хөршүүд, түншүүд хийгээд бид

Манай улс жижиг улс учраас аюулгүй байдлын маань гадаад орчин их гүрний хоорондох хүчний тэнцвэрээр тодорхойлогддог. Тиймээс бидний хүсэх эсэхээс үл хамааран манай аюулгүй байдлын бодлогод заавал харгалзах ёстой зайлшгүй нөхцлүүд бий. Энэ нөхцлүүд тус бүртээ тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байгаа боловч суурь чанартай өөрчлөлт хараахан гараагүй, гарч магадгүй шинж тэмдэг сүүлийн үед цөөнгүй ажиглагдаж байна.
Монгол Улсын тусгаар тогтнолд Хятад, Орос хоёр хөршийн хоорондын харилцаа, хүчний тэнцвэр тодорхойлогч хүчин зүйл мөн. Энэ хүчний тэнцвэр устах буюу өөрчлөгдвөл манай тусгаар тогтнол сүйрч болохыг Хятад. Энэтхэгийн хүчний тэнцвэр хазайхад Түвдийн тусгаар тогтнол сүйрсэн жишээ харуулна. Тиймээс манай гадаад бодлого тэргүүлэх ач холбогдлоо энэ хоёр улсад өгөх ёстой, энэ хоёр гүрний хоорондох хүчний тэнцвэрийг хадгалах, дэмжих чиглэлд ажиллах ёстой билээ. Үндэсний аюулгүй байдлын өмнөх үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ “тэнцвэртэй харилцах” тухай заасан зарчмын байр суурь өвлөгдөн шинэ үзэл баримтлалд хэвээрээ туслаа. Тусгаар тогтносноосоо хойш Монгол Улс хувь заяны эрхээр Хятад, Орос аль алиныг нь түшиж, түлхэж харилцсаар ирсэн зуун жилийн туршлага маань хамгийн оновчтой бодлого хоёр улсын хооронд “тэнцвэртэй” харьцах явдал гэдгийг үзүүлж байна.
Өмнөх үзэл баримтлалын дагуу амжилттай хэрэгжиж, шинэ баримтлалд өвлөгдөн үлдсэн өөр нэг бодлого бол гуравдагч хөршийн бодлого мөн. Монгол Улс хоёр хөршийнхөө дунд бамбай бүс болон оршдог шиг хоёр хөрш маань бүс нутгийн аливаа аюул, эрсдлээс бамбай болон биднийг халхалж байдаг сайн талтай. Гэвч тийнхүү санаа амран суувал эх газрын гүнд түгжигдэн, дэлхий нийтийн их хөгжлөөс тасран, бөглөгдөх аюултай тул энэ аюулаас сэргийлэхийн тулд “гуравдагч хөрш”-ийн бодлогыг манай улс хорин жилийн өмнө зарласан билээ.  Гуравдагч хөрш гэдгийг “өндөр хөгжилтэй, ардчилсан орнууд” хэмээн тодорхойлсон явдал энэ баримт бичгийн нэг том онцлог юм. Үзэл баримтлалын “Нийтлэг үндэслэл” хэсэгт заасан “парламетын засаглалд суурилсан ... ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэсэн хэсэгтэй уялдаж байгаа юм. Тиймээс гуравдагч хөрш бол Монгол Улсын хувьд цэргийн гэхээсээ илүү “улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн” ач холбогдолтой юм.
Манай гадаад болдогын “энхийг эрхэмлэсэн”, “олон тулгуурт” байх, “улс төр, дипломатын аргыг чухалчлах” зэрэг зарчмууд мөн энэ хүрээнд туссан байна. Монгол Улс цэргийн хүчний хувьд бусдыг халдан довтлох бүү хэл өөрийгөө хамгаалах чадваргүй юм. Нэгэнт цэрэг бол аюулгүй байдлаа хангах гол хэрэгсэл биш учраас улс төр, дипломатын аргыг үндсэн арга хэрэгслээ болгохоос өөр сонголт бидэнд байхгүй билээ. Цэргийн арга хэрэгслийг бид гадаад бодлогоо дэмжих чиглэлд ашиглах, ялангуяа, НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцон, энх тайван ч үүргээ биелүүлэх замаар Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд дээшлүүлж, улс төр, дипломатын арга хэрэгслээ дэмжих чиглэлд ашиглах нь оновчтой юм гэдгийг өнгөрсөн хорин жилийн туршлага харуулж байна.
Монгол Улс аюулгүй байдлаа хөрш орнуудынхаа хүрээнд явцуу харалгүй, бүс нутаг, дэлхий нийтийн харилцаанд тодорхойлсоор хорин жил өнгөрлөө. Амжилттай хэрэгжсэн дийлэнх нь алсыг харж, ихийг зорьсон “амбицтай” бодлого байх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутаг, Европ, НАТО-ийн чиглэлд 1990-ээд оны эхээр бараг л мөрөөдөл юм шиг тодорхойлж байсан манай бодлого өнөөдөр бодит үр дүнгээ өгсөн харилцаа болон хэрэгжжээ.
Тусгаар тогтнол, Бүрэн эрхт байдлаа бэхжүүлэх чиглэлд хийх үндсэн алхамууд маань өмнө нь амжилттай хэрэгжиж байсан бодлогыг үргэлжлүүлэхэд оршиж байна.
Гадаад бодлогын нэгдмэл байдал энэ хүрээнд оршиж байгаа хамгийн том сорилт болоод байна.

Газар нутгийн аюулгүй байдал

Газар шороогоо өмгөөлөн хамгаалах явдал түүхийн туршид аль ч үндэстний тэмцлийн гол утга учир байсаар ирсэн билээ. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах чиглэлд өнгөрсөн хорин жилд дорвитой алхам хийгдсээр ирсэн. Хоёр хөрш улстайгаа хилийн дээсийг нягтлан, хоёр, гурван талт гэрээг зохих журмаар байгуулан баталгаажууллаа. Тиймээс одоо байгаа хилийн зурвас олон улсын эрх зүйн баталгаатай боллоо гэж үзэж болно.
Газар нутагтай холбоотой гол асуудал үндсэндээ дотоодын чанартай гэж хэлж болох юм. Манай хил үндсэндээ шүүрэн шанага шиг болчихлоо гэсэн шүүмжлэл түгээмэл байдаг бөгөөд энэ нь олон учир шалтгаантай, учир шалтгаан болгоныг шийдэх олон хувилбар бий.
Чөлөөт эдийн засгийн харилцааны үрээр хилийн худалдаа өргөжсөн зэрэг шалтгаанаар хилээр нэвтрэх, хилийн боомтын тоо олширч эхэлж байгаа нь ийм шүүмжлэл гарах үндсэн шалтгаан болж байна. Тиймээс хилийн боомж нээх, хаах асуудлыг УИХ шийддэг болох, хил орчмын бүсийн хөгжлийн болдогыг  үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилтод нийцүүлэн нэгдсэн журмаар зохицуулж байх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хөндсөн юм.
Манай улс цөөн хүн амтай, уудам нутагтай, урт хилтэй учраас хилийн бүх зурвасыг нэг бүрчлэн хянах боломж маш сул. Энэ сул талыг Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоонд тулгуурлан, хүчээ нэг удирдлагад төвлөрүүлж байж шийдэх ёстой юм. Орон нутгийн хамгаалалт дээр тулгуурласан, мэргэжлийн, чадварлаг бүрэлдэхүүнтэй байх, хил хамгаалалтад нутгийн иргэдийн оролцоог дэмжих явдал энэ хүрээнд энэ хүрээнд чухлаар тавигдана. Хилийн хяналтын байгууллагуудын мэдээллийн нэгдмэл, шуурхай сүлжээ бий болгох, хүнийг орлох техник, технологийн шинэчлэл хийж байж, сул талаа нөхөх нэлээдгүй сорилт тулгарч байна.

Хүн амын аюулгүй байдал

Тэртээ зуун жилийн өмнө Монгол Улс дөнгөж Манж Чин гүрнээс тусгаар тогтнолоо зарлаж байх үед Богд Хаан олон түмэндээ хандан “шашин, үндсээ” хамгаалахыг уриалан зорьсон байдаг. “Шашин, үндэс” гэдгийг орчин үеийн хэлээр тайлбарлавал “удмын сан”, “соёл иргэншил” гэж ойлгож болох юм. “Монгол үндэстэн” гэж хэн бэ гэдгийг “монгол угсаатай хүн”, эсвэл “монгол соёлтой хүн” гэж хоёр янзаар тайлбарладаг онолын том урсгалууд байдаг бөгөөд хоорондоо нэлээдгүй маргаантай зөрчилтэй байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал онолын энэ маргааныг тойрон, үндэстэн гэдгийг тодорхойлсон энэ хоёр тодорхойлолтыг хоёуланг нь харгалзан үзсэн онцлогтой.
Удмын сангаа хамгаална гэж юу гэсэн үг вэ гэдэг асуудал гардаг. Энэ бол манай зарим туйлширсан бүлэглэлүүдийн ярьдаг шиг “хятадууд, хятадын эрлийзүүдийг устгана” гэсэн үг огт биш.
Харин хүн амаа өсгөх, гадаадад гарсан нэгнийгээ буцааж авчрах, удамшлын өвчинг анагаах, гадаадын цагаачдын тоог зохист түвшинд барих тухай бодлогыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал “хүн ам, удмын сангийн аюулгүй байдал” хэсэгтээ тодорхойлсон байна. Монгол Улс социализмын үеэс хүн амаа өсгөх бодлого барьсан нь амжилтад хүрч, 1911 онд анх тусгаар тогтнохдоо 700 000 хүн амтай байсан улс өдгөө 2 700 000 хүрч, зарим нэг удамшлын өвчнийг бүр мөсөн устгасан юм.
Эдгээр ололтыг хадгалах, ахиулах гол арга замыг хөгжил хэмээн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал үзэж байна. Хүн амын амьжиргааны чанарыг сайжруулах замаар өсөлтийг хангах, гадаадад байгаа иргэд маань эх орондоо ирж амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, хоёрдмол харъяалал үүсч, гадаадад байгаа иргэдээ хамгаалах боломж алдагдахаас сэргийлэх, цус ойртолт, согтуурах, мансуулах донг арилгах, гадаадын харъяат нарын асуудлаар бүртэл, мэдээлэл, удирдлага, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг маш олон зорилт тулгарч байна.
Товчхондоо, Монгол удам, Монгол орондоо эрүүл чийрэг, удамшлын гажиггүй өсөн торниж, сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд удмын сангийн аюулгүй байдлыг хангах гол зорилго оршиж байна. Үүгээрээ ч энэ үзэл баримтлалыг  хүн-төвтэй үзэл баримтлал гэж тодорхойлогдож байгаа юм.
Монгол хүн өөрийгөө монгол гэж тодорхойлох гол түлхүүр бол “монголоороо үлдэх” явдал юм. Тэртээ XIII зуунд Өлзийт хаан Ромын папаас монголчуудыг христосын шашинд ор гэсэн захиаг аваад илгээсэн хариу захидалдаа “бид Монголжин дураар үлдсү” гэж тэмдэглэсэн байдаг. “Монголжин дураар үлдэх” буюу өөрийнхөө зоргоор, Монголоороо үлдэнэ гэдэгт бид “монгол соёл”-тойгоо үлдэх тухай асуудлыг ойлгож иржээ.
Гэтэл Монголын түүх, соёлын талаар бид эргэн тойрон байгаа бүх хөрштэйгээ маргаантай байдаг. ЮНЕСКО-гийн соёлын санд БНХАУ-ын нэр дээр уртын дуу, хөөмийг бүртгүүлж, Казахстан нүүдэл соёлын өвийг уламжлагч хэмээн зарлах боллоо. Үнэндээ ч урд хөршид амьдарч буй Өвөр Монголчууд бидэнтэй л адил уртын дуу дуулж, хөөмийлдөг бөгөөд түүнийгээ олон улсын соёлын өвд бүртгүүлэх эрхтэй билээ. Казах түмэн ч Монголчуудтай адил нүүдэл соёлтой, эсгий туургатан мөн бөгөөд төрөлх соёлоороо бахархах эрхтэй билээ.
Монголын ард түмэн бид түүх соёлоо жинхэнэ үнэнээр нь судалж, хэл бичиг соёлоо хамгаалж, тэр соёлоо бусдад сурталчилан түгээх шаардлагатай байна.
Монголын соёл иргэншил түүний бүрэлдэхүүнийг судлах явдал сүүлийн үед их өрөөсгөл явж ирлээ. Дан ганц Чингис хаан, нүүдэл соёлоос өөр бахархах зүйл үгүй шахуу болсон нь соёл иргэншлийнхээ тухай бидний төсөөлөл маш ядуурсныг илтгэж байна. Үндэсний мөнгөн тэмдэгт дээр Чингис хаан, Сүхбаатар жанжин хоёрын л хөрөг бий, тэр хоёрын хооронд Мандухай цэцэн хатан, Батмөнх даян хаан, Занабазарын бурхад, 80 тохой Майдар, Богд Хаант Монгол Улсын түүх үгүй мэт байдаг нь харамсалтай.
Бид нүүдэлчин үндэстэн, бурхны шашны соёлтой ард түмэн. Хуушуур бол хятад хоол гэж хүнийсгэдгээс болж чанасан махнаас өөр үндэсний хоолгүй үлддэг шигээ бурхны шашнаа харийн хэмээн хүнийсгэвэл бид ХХ зууны дунд үед соёлжсон бүдүүлэг нүүдэлчин байсан гэсэн харийн үзэл суртлын золиос хэвээрээ үлдэнэ. Тиймээс соёл иргэншлийнхээ тухай ойлголтыг өргөн харж, бүс нутаг, дэлхийн дэвжээнд гүйцэтгэсэн эцэг өвгийнхөө өв соёлоор бахархах хэрэгтэй юм.

Дүгнэлт

Оршин тогтнохуйн аюулгүй байдал гэдэг манай эцэг өвгөдийн амиа золин байж бидэнд өвлөн үлдээсэн, биднээс хойч үедээ үлдээх ёстой тэр нандин зүйлийг: төр улс, газар шороо, үндэс угсаагаа хамгаалан үлдэх тухай асуудал юм. Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийнхаа бүрэн бүтэн, хилийнхээ халдашгүй дархан байдал, хүн амынхаа удмын сан, соёл иргэншлээ хамгаалан үлдэх өнгөрсөн хорин жил амаргүй олон даваа давсан шигээ ирэх хорин жилд бүр ч өндөр, бүр ч олон даваа давах хэрэг гарна. Тэр бүхнийг урьдаас харж, зэхэхийн тулд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлан гаргажээ.
Энэ үзэл баримтлал оршин тогтнохуйн асуудлыг илүү системтэй, илүү өргөн хүрээнд авч үзэж, тулгарсан олон зорилт, тэдгээрийг шийдэх үндсэн арга замыг тусгаж өгснөөрөө өмнөх үзэл баримтлалаас илүү давуу талтай болсон юм. Өмнөх хорин жил явуулсан бодлогын үр дүнтэйг нь уламжлан үргэлжлүүлсэн,  аюулгүй байдлын асуудлыг шинээр үнэлэн шинээр ач холбогдол өгсөн баримт бичиг боллоо.

 

* О.Машбат. “Оршин тогтнохуйн аюулгүй байдал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд” //, Стратеги судлал сэтгүүл, (2011, №53), 6 дахь тал