Ажлын алба

Зөвлөлийн Ажлын алба нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн, гишүүд, Зөвлөлийн нарийн бичгийн даргын хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж, Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой хөгжил, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, төрийн гадаад бодлого, Монголын түүх, хэл, соёл, зан заншил, соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагааг үндэсний ашиг сонирхлыг дээдлэн уялдуулан зохицуулж, төрийн байгууллагуудыг үүрэг, чиглэлээр ханган, биелэлтэд хяналт тавьж ажилладаг.

Өнөөгийн даяарчлагдсан нийгэм-эдийн засгийн шинэ орчин нь хөгжил, дэвшлийг нээж өгөхөөс гадна аюул занал, эрсдлийг бий болгож байна. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, гамшигт манай улс өртөх магадлал их болсон энэ үед болзошгүй аюул, сорилтыг бодитой тодорхойлж, тэдгээрийг гэтлэн давахад хязгаарлагдмал нөөц боломжийг үр дүнтэй дайчилж аюулгүй байдлыг хангах мэдлэг, мэдээлэл, бодит өгөгдөл, дүн шинжилгээнд суурилсан үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад ихээхэн анхаарч байна.

Зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу эрдэмтэн судлаач, Зөвлөлийн шинжээчдээс бүрдсэн ажлын хэсгүүдийг байгуулан холбогдох судалгаа, шинжилгээ хийж “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг орчин үеийн хөгжлийн шаардлага, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулж, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг Ажлын алба зохион байгуулж 2010 онд УИХ-аар батлуулсан юм. Зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.