Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 онд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалан эх орондоо хийлгэх ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа.

Ерөнхийлөгчийн зарлигт “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл байгуулж бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай. Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд болон ажлын албыг байгуулан ажиллуулах, Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нь сар бүр танилцуулж ажиллахыг Үндэсний зөвлөлийн даргад даалгасугай” гэжээ.

Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний зөвлөлийн гишүүдээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг тус тус ажиллуулахаар зарлигийн хавсралтад тусгасан байна.

БНТУ-ЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МУАММЭР ТҮРКЭР МАНАЙ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Муаммэр Түркэр 2014 оны 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

БНТУ 1982 оны Үндсэн хуулиараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг байгуулсан бөгөөд тус байгууллага нь аюулгүй байдлын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдуулан зөвлөмж гаргадаг байгууллага юм.  Туркийн ҮАБЗ нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗХЖШ-ын дарга, 4 Шадар сайд, Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайд, Хуурай замын цэргийн командлагч, Тэнгисийн цэргийн командлагч, Агаарын цэргийн командлагч, Жандармерийн ерөнхий командлагчаас бүрдэнэ. ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч томилдог, одооны Ерөнхий нарийн бичгийн дарга Муаммэр Түркэр 2012 оны 4 дүгээр сарын 27-нд тус албанд томилогдсон.    

Хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд санамж бичгийн хүрээнд тодорхой ажлууд хийгдэж, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаа бэхжиж байгааг дурдах нь зүйтэй.     

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Аюулгүй байдлын салбарын удирдлагын олон улсын дээд хэмжээний 5-р уулзалтанд оролцлоо

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Татарстан  улсын нийслэл Казань хотод болсон Аюулгүй байдлын салбарын удирдлагын олон улсын дээд хэмжээний 5-р уулзалтанд оролцлоо. Тус уулзалтыг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл зохион байгуулсан бөгөөд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хар тамхи, иргэдийн хууль бус шилжилт хөдөлгөөний гэмт хэрэгтэй тэмцэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт шинэ салбар болох ”нийлэг биологи” /synthetic biology/-ийн эрсдэлийн тухай асуудлуудыг хэлэлцэв. 

Олон улсын уулзалтын үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев болон БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Зяньжутэй тус тус уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны тухай санал  солилцсон болно. Мөн тус уулзалтанд оролцсон Филиппин, Киргизстан улсын төлөөлөгчидтэй уулзаж аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. 

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев манай улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев манай улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Н.П.Патрушев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхав. Үүний дараа Ц.Энхтүвшин, Н.П.Патрушев нар албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцсон байна. 

ҮАБЗ-ийн ажлын ээлжит уулзалт болов

ҮАБЗ-ийн ажлын ээлжит уулзалт өнөөдөр болж “Чингис” бондын талаар хэлэлцэв. ҮАБЗ-өөс “Чингис” бондтой холбогдуулан 2012 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гаргасан зөвлөмжийн биелэлтийг Засгийн газар заалт нэг бүрээр нь гаргаж бондын зарцуулалт, үлдэгдлийн тайлан, эргэн төлөх эх үүсвэр, хуваарийн хамт ҮАБЗ-ийн 2014 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанд албан ёсоор танилцуулахаар болов.