Мэдээлэл, дүн шинжилгээний алба

 

Үндэсний аюулгүй байдлыг хангах гадаад болон дотоод хүчин зүйлсийн өнөөгийн нөхцөл болон хэтийн төлөв хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээ, мэдээллийг боловсруулах, цаашид авах арга хэмжээ, стратегийг тодорхойлох, ҮАБЗ-ийг бодит, шуурхай мэдээлэл, санал, дүгнэлтээр хангах үүрэгтэй Мэдээлэл, дүн шинжилгээний бие даасан алба ҮАБЗ-ийн Ажлын албаны бүрэлдэхүүнд ажиллаж байна. 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд: “Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь бүхэлдээ мэдээлэл дүн шинжилгээнд суурилсан байна” гэж заасан нь Мэдээлэл, дүн шинжилгээний албаны үйл ажиллагааны үндэс суурь бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2007 онд “Шуурхай мэдээллийн алба” нэртэйгээр байгуулагдсан.    

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 157 дугаар зарлигаар  “Мэдээлэл, дүн шинжилгээний алба” болгон өргөтгөн зохион байгуулсан бөгөөд албаны дарга, ахлах шинжээч, дотоод, гадаад мэдээ мэдээлэл хариуцсан шинжээчид, мэдээллийн сангийн эрхлэгч, мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Бүс нутаг, олон улсын тавцанд болсон тодорхой үйл явдал  үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх талаар дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлсон санал, дүгнэлт бүхий “Дэлхий нийтийн анхаарлын төвд” эмхтгэлийг долоо хоног, “Төв Азийн газар зүйн мэдээлэл” товхимлыг 10 хоног, “Мэдээллийн товчоон” эмхэтгэлийг сар тутам эрхлэн гаргаж байна. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журмыг хэрэгжүүлж, ҮАБЗ-ийн Мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалт, бүрдүүлэлт, ашиглалтыг шинэчлэн, аюулгүй байдалтай холбогдол бүхий дотоод, гадаадын мэдээллээр  мэдээллийн цахим санг бүрдүүлж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ажлын албаны мэдээллийн технологийн хангамж, цахим хуудас, интернэт, сүлжээний холболт, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллаж ирлээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хооронд онц ноцтой асуудлаар мэдээ, мэдээллийг харилцан шуурхай солилцох, үйл ажиллагааг цаг алдалгүй  уялдуулан зохицуулах зорилгоор  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Мэдээлэл, дүн шинжилгээний зөвлөлийг байгуулсан.  Түүний үйл ажиллагааны журам, бүтэц, бүрэлдэхүүн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар батлагдсан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга тус зөвлөлийг тэргүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтнууд улс орны язгуур эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой олон асуудлыг хэлэлцэн, бодит үнэлэлт, дүгнэлт гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болон гишүүдэд танилцуулж байна.