ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Вьетнам, Лаос Улсад айлчлал хийв

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам, Батлан хамгаалах яамны урилгаар 2011 оны 12 дугаар сарын 12-18-нд албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын үеэр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын сайд Чан Дай Куангтай хоёр талын хэлэлцээ хийж, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Тан Зунгд бараалхав. Мөн Лаосын Батлан хамгаалахын дэд сайд Чансамон Чаняалаттай хоёр талын уулзалт хийж, Лаосын Ерөнхий сайд Тонгсин Таммавонд бараалхав.

Монгол Улс БНСВУ, БНАЛАУ-ын хооронд үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэргийн шууд харилцааг бэхжүүлэх, харилцан сонирхсон асуудлаар зөвлөлдөх механизмыг тогтмолжуулах, айлчилж буй орнуудын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудтай хоёр талын цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.

Хэлэлцээний үеэр өнөө үеийн олон улсын харилцаа, бүс нутгийн улс төрийн байдалд гарч буй өөрчлөлт, терроризм, шашны тэрс үзлийн эсрэг хэрэгжүүлж буй бодлого зэргээр санал солилцож, үндэсний аюулгүй байдлыг хангах түвшинд хамтын ажиллагааг улам хөгжүүлэхээр болов.