Монгол Улсын дотоод аюулгүй байдлын эрсдэл бүхий зарим асуудал*

Д.Адъяабазар. (ҮАБЗ-ийн Ажлын албаны ахлах референт /Ph.D/)

Өмнө үйлчилж байсан1 Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын "Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлын хэсэг"2 нь Монгол Улсын төр, нийгмийн байгууллын аюулгүй байдлыг хангахад тухайлан чиглэсэн тул улс үндэсний доторх амгалан тайван амьдрах үндсэн нөхцөл болсон Үндсэн хуульт байгуулал, эв нэгдэл, нийгмийн зөвшилцөл, тогтвортой байдал, төрийн удирдлагын чадавх, төр олон түмний холбоо зэрэг хүчин зүйлийг цогц байдлаар зохицуулахад төвөгтэй байсан ч үндэсний аюулгүй байдлын салбарт төрийн бодлогыг тодорхойлсон анхны баримт бичиг тул түүхэн үүргээ гүйцэтгэсэн.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд “Дотоод аюулгүй байдал”-ын хэсгийг боловсруулахдаа Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, хууль ёс, үндэсний эв нэгдлийг сахин дээдлэх, Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс болох агуулгад тулгуурласан.
Аливаа улс орны нийгмийн зөвшилцөл, тогтвортой байдал нь дотоод аюулгүй байдлын цөм болдог хамаарлаар дотоод аюулгүй байдлын хэсэг нь шинээр томъёологдсон асуудал юм.
Үндэсний аюулгүй байдлын асуудлыг ярихад гэгээтэй зүйл ховор. Сэдэв, чиглэл нь тийм байхаас аргагүй. Үндэсний аюулгүй байдлын асуудал нь цутгасан, тогтонги асуудал биш тул түүнийг хангах асуудал байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байхыг шаарддаг. Энэ зүй тогтлоор, дотоод аюулгүй байдлын орчин, түүний үнэлэмж байнга өөрчлөгдөж байдаг гэдгийг асуудлын эхэнд оршил болгоё.
Улс үндэсний аюулгүй байдлыг хангах тулгуур асуудалд тухайн улс дотооддоо аюулгүй байх явдал тэргүүн зэргийн ач холбогдолтой. Хүн ам цөөн, газар нутаг уудам, байгалийн нөөц арвин зэргээс  бусад улс орнуудын сонирхол татсан буурай улсын хувьд дотоод аюулгүй байдлын асуудлаа онцгойлон анхаарахыг дэлхийд өрнөж буй үйл явц, манай орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд сүүлийн жилүүдэд гарч буй өөрчлөлт, сорилт бэрхшээл бэлхнээ харуулж байна.
Үндэсний аюулгүй байдлыг хангах олон улсын практикт жижиг, дунд улсын үндэсний аюулгүй байдлын тэргүүн зэрэгт дотоод аюулгүй байдлын асуудал тавигддаг. Тодруулбал, гадны хүчнээс жижиг, буурай улсуудад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхдээ тухайн улсын дотоодод, тэр дундаа нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж тогтворгүй байдал бий болгон түүнийг шийдвэрлэхдээ өөрсдийн ашиг сонирхлыг суулгадаг технологи хуучраагүй, харин ч шинэ агуулга, хэлбэрээр баяжиж байна.
“Тос дотроосоо өтнө” гэж өвөг дээдэс маань дотоод аюулгүй байдлын мөн чанарыг товч бөгөөд тодорхой сургамжлан хэлж ирсэн. Иймээс, дотоод аюулгүй байдлын асуудалд манай улс тухайлан онцгой анхаарах ёстой.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний  язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ3 гэж онцгойлон тодорхойлсон. Монгол Улсын нийгэм, төр, иргэний аюулгүй байдал харилцан уялдаатай хангагдсанаар Монгол Улсын дотоод аюулгүй байдал баталгаажих харилцан хамааралтай.
Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн4 гэж тодорхойлсон.
Монгол Улсын дотоод аюулгүй байдал дараах тулгуур асуудлуудаас бүрдэнэ.
Үүнд:
1.    Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх,
2.    Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх,
3.    Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх,
4.    Нийгмийн тогтвортой байдал.

Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх хүрээнд

Ардчиллын замыг буцалтгүй сонгосон Монгол улсын хувьд, Үндсэн хуульт байгууллаа эн тэргүүнд бататган бэхжүүлэх нь ард түмний дийлэнхийн хүсэл эрмэлзлэлээс урган гарсан асуудал мөн. Үндсэн хуульт байгуулал нь сул, үйл ажиллагаа нь тодорхойгүй, төлөвшин тогтоогүй байх зэрэг нь улс орны дотоодод хямралт байдал, зөрчил тэмцлийг бий болгодог.
Товчхондоо, улс үндэстнийг хэрхэн зөв, аюул эрсдэлгүй хөгжүүлэн авч явах арга ухааны тогтолцоог Үндсэн хуульт байгуулал илэрхийлдэг.
Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл, нийгмийн амьдралаа залах олон арга, ухаан сэдсэнээс хамгийн дөнгүүр нь Үндсэн хуульт байгуулал гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.
Монгол Улсын Үндсэн хуулиар, ард түмэн чөлөөт сонгуулиар сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан улс орныг удирдах эрх, арга замыг тодорхойлсон. Байнгын ажиллагаатай парламент буюу Монгол Улсын Их хурал байгуулагдаад хорин жилийн нүүр үзэж үндсэн хуульт байгуулал төлөвшин бэхжиж байна. Хөгжил дэвшлийн хуулиар, сайн мууг туулж л байна.
Олон улсын амьдралд, аливаа улс орныг гадаад, дотоодын хүчнээс эрхшээлдээ оруулахын тулд үндсэн хуульт байгууллыг нь сулруулах, сонгуулийн бус аргаар төрийн эрхийг олж авах арга замыг сүүлийн үед сонгох болсон. Өөрөөр хэлбэл, цэрэг зэвсгийн хүчээр дайн тулаанаар эзлэн түрэмгийлдэг жишиг хуучирсан.
Улс үндэстнийг дотоодын зөрчил тэмцлээр нь өдөөж удирдлага, залуургүй болгох энэ шинэ тутам түрэмгийллээс хамгаалах гол баталгаа болсон Үндсэн хуульт байгууллаа бэхжүүлэх, хамгаалах асуудал тэргүүн зэргийн ач холбогдолтой болоод байна. 2008 оны УИХ-ын сонгууль тойрсон будилаан, эмх замбараагүй байдал монголчууд бидэнд томоохон сургамж, дохио өгсөн.
Үндэсний аюулгүй байдлыг хангахад аюул, эрсдэлийн мэдрэх, түүнийг зөв үнэлэх асуудал хамгийн чухал. Улс орны дотоод аюулгүй байдалд заналхийлж буй аюул, эрсдэлийг тодорхойлсноор түүнийг зайлуулах, саармагжуулах сөрөг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой. Дотоод аюулгүй байдлын салбарт аюул эрсдэл буй болгож буй зарим асуудлыг та бүгдийн анхааралд хүргэе.
Нийгэм, улс төр, эдийн засгийн бэрхшээлүүд, улс төрийн сонгуулийг ашиглан улс төрийн нам, хүчин, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн зүгээс Үндсэн хууль, хууль ёсыг зөрчсөн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь идэвхжих хандлагатай байна.
Иргэдийн бухимдал гүнзгийрч, төрд итгэх олон нийтийн итгэл ихээхэн алдарч, нийгмийн салбар бүрд шахуу эрх ашгаа хамгаалуулсан хөдөлгөөн, төрийн бус байгуулллагууд үүсэн бий болж, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэх, шүүмжлэх, газар нутгаа болон тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зэргээр улс төрийн зорилготой үйл ажиллагаа идэвхжих болов.
Улс-үндэсний хөгжлийн явцад, хүний нийгмийн хөгжлийн хуулиар зайлшгүй тохиолдох бэрхшээлтэй асуудлыг хэт дөвийлгөж нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох, улмаар улс төрийн тэмцлийн арга хэрэгсэл болгох бохир технологи буй болсон нь дотоод аюулгүй байдалд ноцтой, залруулж болшгүй хор уршиг тарих нөхцөл буй болгоод байна.
Бослого тэмцэлд илтээр уриалах, төрийн төлөөлөгчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, төрийн албан хаагчийн амь биед халдах, төрийн өндөр албан тушаалтнуудыг гутаан доромжлох, заналхийлэх, өлсгөлөн, суулт, жагсаал хийх зэрэг үйлдэл нь иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байгааг харуулж, улмаар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, дотоодын үймээн самуунд хүргэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Монголд улсад ардчиллын нэр барьсан хэт даварсан үйлдэл хүрээгээ тэлж байна.
2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдалд “Улс төрийн сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур үлдэгсдийн хууль бусаар зохион байгуулсан жагсаал цуглаан нь ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн бухимдалд үндэслэсэн иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэхэд нөлөөлсөн” гэдэг урьдчилсан дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж байгаа болно. Энэ үеэр Монголын ирээдүй болсон залуусын хүмүүжил, итгэл үнэмшил ямар чиг рүү яваад байна гэдгийг тогтож анхаарах цаг болсныг илтгэх олон олон хууль бус, хүчирхийлэл дагуулсан хэт даварсан үйлдлүүд хийгдсэнийг бид мэднэ. Гэхдээ долдугаар сарын 1-ний өдрийн үйл явдлын шалтгаан нөхцөлийг тогтоох ажил гүйцэд хийгдээгүй.

Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх хүрээнд

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлын талаарх төрийн бодлогын нэгдмэл, залгамж чанарын үндэс болно5 гэж заасан.
Олон улсын практикт, үндэсний аюулгүй байдлыг хангахад төрийн үүрэг тэргүүн зэргийн ач холбогдолтой байж ирсэн бөгөөд цаашид, байсаар байх хандлага ажиглагддаг. Тэр дундаа, жижиг буурай улсын хувьд бүр ч чухал.
Хариуцлагатай, нээлттэй, чадварлаг төр нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чиглүүлэгч байх үүргээ биелүүлэх боломжтой. Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоо, хүчин чармайлт чухал хэдий ч төрийн чиг үүргийг сулруулах, шилжүүлэх асуудал биш. Тодруулбал, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулагч нь төр байсаар ирсэн, хойшид ч байх болно.
Харин төр хариуцлагагүй, хаалттай, чадваргүй болоод ирэхийн цагт улс, үндэсний аюулгүй байдалд төр өөрөө аюул, занал болдог. Төрөөс гарч буй шийдвэр тэр дундаа, улс үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа бүр эерэг сөрөг үр дагавар дагуулдаг. Гэтэл, сүүлийн үед төрийн албанд сонирхлын зөрчил газар авч, эрх ашгийн эрэмбэлэл алдагдсанаар хэсэг бүлэг хүнд тухайн цаг үедээ ашигтай ч хэтдээ улс-үндэсний аюулгүй байдалд хохиролтой, аюулт эрсдэл буй болгох хорлон саатуулах гэмт хэргийн шинжтэй үйлдлийн хүрээ өргөсч байгаа нь төр засгийн чадавх ямар түвшинд байгааг илтгэх нэг үзүүлэлт мөн.
Төрийн байгууллагуудын бүтэц үр өгөөж муутайгаар өргөжиж, төсөв зардал нэмэгдэх, улс төрийн томилгоо хүрээгээ хальж хүний нөөцийн бодлого үгүй болсноос төрийн мэрэгшсэн, чадварлаг алба хаагчдын хүрээ хумигдаж, төрийн алба хаагчдын ёс зүй, ажил гүйцэтгэх чадамж доройтсон зэргээс иргэдийн төр, хууль ёсоо дээдлэх үзэл алдагдахад хүрч байна
Иргэдээс төрийн үйлчилгээ авахдаа тэнд алба хаагчдын ёс зүй, харилцаа, чадварт нэн бухимдах, төр засгийн үйлчилгээний арга барилыг шүүмжлэх, төрийн алба хаагчдыг үл тоомсорлох хандлага хурцаар илрэх болсон.
Төр засагт үл итгэх, хэн нэгэн чин зоригт, ард олноо өмгөөлөн хамгаалах, шударга ёс тогтоогч шинэ Чингис хаан гарч ирэхийг хүсэмжлэх байдал нийгмийн сэтгэл зүйд хүчтэй болсон нь улс төрийн нам, хүчин бодлого, үйл ажиллагаандаа эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийхийг нөхцөлдүүлж байна.
Шүүх засаглалд иргэд үл итгэх болж, эрх мэдэл, эд хөрөнгө, танил талтай нэгэнд үйлчилдэг болтлоо шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагуудын олон ажилтан ёс зүйн доройтолд орсныг олон нийт, тэр дундаа эрх ашиг нь хөндөгдсөн хэсэг хурцаар шүүмжлэх болсон нь шударга ёсыг хүсэх нийгмийн сэтгэл зүйд бухимдлын хүчин зүйл болж ирлээ. 
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудаас гаргаж буй ёс зүй, мэргэжлийн алдаанд хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ бодит хэрэг явдлыг чухалчлахаас илүүтэйгээр процессын аар саар алдаа, эрх зүйн хийдэл зэргийг дөрөөлөн хэргийн бодит байдалд үл нийцэх шийдвэрийг хувийн сонирхолд хөтлөгдөн гаргах явдал түгээмэл байна.
Төрийн засаглах чадавх суларснаас нийгэмд төрийн албаны нэр хүнд унаж хууль зөрчих нь ердийн үзэгдэл болох, гэмт хэргийн гаралт өсч, хүмүүс зохион байгуулалтад орж өөрсдийн зөв гэж үзсэн үйлдлийг хүч түрэмгийлэн хэрэгжүүлэх, нийгмийн дэг журмыг бүлэглэн зохион байгуулалттайгаар зөрчих хандлагатай боллоо.
Сахилга хариуцлагагүй, хууль зөрчдөг, хувийн эрх ашгийг эрхэмлэдэг, үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн талаар төсөөлөлгүй, төрийн албанд бэлтгэгдээгүй хүмүүс олширсон нь төр засаг чадавхигүйдэх үндсэн шалтгаан болж ирсэн. Байдлыг залруулахад төрийн албаны удирдах албан тушаалтнуудын үүрэг нэн чухал ч тэднээс санаачилга, идэвх ажиглагдахгүй байгаа нь нийгэмд бухимдал төрүүлж байна. Нийгмийн энэ бухимдал, “хүчтэй төрийн эрэлд гарсан” эрэлт нь зохион байгуулалттай гэмт бүтцүүд бий болох, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, улмаар төр засгийн хяналтыг орлох, нийгэмд хүчирхийлэл дэлгэрэх, хүлээн зөвшөөрөгдөх хөрс болдог.
Албан тушаалтан, улс төрчидтэй холбоотой олон гэмт хэрэг шийдвэрлэгдэлгүй замхрах, төрийн албан тушаалтнууд өөрсдөө хууль зөрчин байж улс үндэсний эрх ашгийн эсрэг шийдвэр гаргах, улс үндэсний эрх ашигтай холбоотой олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй цаг алдах зэрэгт иргэний нийгэм туйлын бухимдах болж, эсэргүүцлээ хурцаар илэрхийлж эхэллээ. Тухайлбал, “Онги гол хөдөлгөөн”, “Монголын гол нууруудын нэгдсэн холбоо”, “Даяар Монгол”, “Хөх Монгол”, “Хөх бүлгэм” зэргээс уул уурхайн зүй бус, хууль бус ашиглалтын эсрэг, байгаль орчноо хамгаалах зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, түүнд тулгуурлан хүч түрэмгийлсэн зарим талаар хэт даварсан үйлдэл хийх эхний алхам, тандалт хийгдсэн гэж үзэж болно. Нийгэмд асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэхээс илүүтэйгээр авлига, дарамт шахалт, хүчирхийллээр зохицуулах нь үр дүнтэй гэсэн хандлага хүрээгээ тэлж байна.
Энэ байдлыг даруй шийдвэртэй өөрчлөхгүй бол, нөхцөл байдал даамжирч нийгэмд хүчирхийлэл дэлгэрч, дарамт шахалт, захиалгат аллага, хэрэг зөрчлийг хувиараа шийтгэж “өшөө, хариу авах” мэтээр асуудлыг шийдэх, “үнэнийг тогтоох” давалгаа үүсч үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахад ойрхон болжээ.
Төрийн байгууллага, тэр дундаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа, болзошгүй аюул, хямралт байдлын үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх шаардлага хойшлуулшгүй тавигдаж байна.
Улс-үндэсний аюулгүй байдалд ирээдүй хэтдээ тулгарч болзошгүй заналхийллийн төсөөлөл тун бүрхэг, хийсвэр төдий байгаа нь эмзэг, эрсдэл бүхий нөхцөл байдлыг буй болгож байна.
Сонгуулийн үйл явцтай холбоотойгоор 2008 оны долдугаар сарын 1-нд нийслэл хотод болж өнгөрсөн нийтийн эмх замбараагүй байдлын үед цагдаа болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа хангалтгүй байгааг тод харуулсан.
Эхний ээлжинд төрийн байгууллагууд дараагийн шатанд иргэний байгууллага, аж ахуйн нэгж аюул, хямралт байдлын үед хэрхэн ажиллах төлөвлөгөө, судалгаа, бэлтгэл нөөцийг бүрдүүлж, түүнийгээ тодотгох, сурган дадлагажуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах шаардлага амин чухал юм.
Тусгай албадыг үндэсний эрх ашгийн үүднээс бэхжүүлэх шаардлага хойшлуулшгүй тавигдаж байна. Эдгээр албадын үндсэн зорилго бол улс орны зөвхөн эрх ашгийг бус Монгол төр улс-үндэсний суурь үндсийг хамгаалах явдал мөн. Өөрийн иргэд, үндэсний бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хилийн чанд болон дотооддоо хамгаалахад санаачлага, идэвхтэй оролцох шаардлагыг шинэ шатанд гаргах хэрэгтэй байна. 
Зохион байгуулалттай гэмт бүтэц Монгол Улсад нэгэнт буй болоод үйл ажиллагаа нь төр засгийн эрх мэдэл, хяналттай өрсөлдөх хэмжээнд идэвхжсэн гэж үзэх үндэслэлтэй.
Авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэхэд засгийн эрх баригчдаас улс төрийн идэвх гаргахгүй байгаа, улс төрийн нам, хүчний бодлого тодорхойлох болон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нэгжид олигархиуд хүчтэй болсон, хууль сахиулах, шүүхийн байгууллагын шинэчлэл зогсонги байдалд орж “цус ойртсон”, төрийн хариуцлагатай албан тушаалтнаас санаатай, санамсаргүй байдлаар улс-үндэсний эрх ашигт харшилсан шийдвэр гаргах, төсвийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, томоохон тендер шалгаруулах нэрээр хуйвалдан завших, тэдэнтэй холбоотой “дуулиантай хэрэг”-үүд шийдвэрлэгдэлгүй яльгүй үндэслэлээр түдгэлзэх, хэрэгсэхгүй болох зэрэг шинж тэмдэгүүд нь Монгол Улсад эдийн засгийн ашиг сонирхлоор нэгдэж, улс төрөөр хамгаалагдсан зохион байгуулалттай гэмт бүтцүүд нэгэнт бий болсныг харуулж байна.
Монгол Улсад зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй гадны янз бүрийн шашны байгууллага, сүм хийд, тэднээс нийгмийн сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөөлөл хяналтгүй шахуу байна.
Шашин шүтэх эрх нь хувь хүний асуудал боловч шашин хоорондын зөрчил, шашны харгис урсгалыг дэлгэрүүлэхгүй байх, шашны итгэл үнэмшлээр далимдуулж нийгмийн сэтгэл зүйд сөрөгөөр нөлөөлж нийгмийн тогтворгүй байдал бий болох зэргээс урьдчилан сэргийлэх нь төрийн үүрэг юм. Шашин сүмийн асуудал нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулаад байгаа бусад улс орнуудын нөхцөл байдлаас үзэхэд шашны асуудлыг урсгалд нь орхих нь хэтдээ залруулж болшгүй аюул, заналын эх үндэс болдог гашуун сургамжийг судлаж, цаг алдалгүй шийдвэртэй алхам, зохицуулалт хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хүрээнд

Монгол үндэстэн өөр зуураа эвлэлдэн нэгдэж, төр улсаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр нягтарсан цагтаа хүчирхэгжин мандаж, эв эе алдарч, эрх мэдлээ булаалдан тэмцэлдэх бүрдээ уруудан доройтож, үндэс, угсаагаараа сөнөн мөхөх аюулд тулгарч ирснийг их түүх сануулдаг. Мартаж үл болох түүхэн үнэн энэ. Монгол үндэстний аюулгүй байдалд хор хохирол учруулдаг хамгийн бодитой, хамгийн том аюул бол эв нэгдэл алдрах явдал гэдгийг түүх гэрчилнэ.
Дотоод дахь улс төр, эдийн засаг, шашны хуваагдал, бүлэглэлүүдийн өрсөлдөөн, баян ядуугийн ялгаа газар авч, үндэсний нийтлэг эрх ашгийг хөсөрдүүлэх, эв нэгдлийг сарниулах улмаар нийгмийн тогтвортой байдалд заналхийлэх түвшинд хүрч байна. Энэ нь үндэсний аюулгүй байдал, түүний дотор Монгол Улсын нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ч заналхийлэл учруулж болзошгүйг анхаарч байх ёстой.
Дотооддоо өөр зуураа эв нэгдэлгүй байх нь улс үндэстэн сүйрлийн ирмэгт ирж, үндэс угсаагаараа аюулд учирч байгаагийн ойрын жишээ Ирак, Афганистанд болж буй дайн самуун, сүйрэл билээ
Эв нэгдэлтэй байх асуудал нь нийгэм дэх шударга ёстой шууд хамааралтай. Шударга ёс алдагдаж, эрх мэдэл, эд хөрөнгөтэй нэг нь хүссэнээ гүйцэлдүүлж, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдах хэрээр шударгаар ажиллаж, амьдарч буй олон түмэн дургүйцнэ. Иргэд шударга ёсыг төрөөс хүсэмжилнэ, цаашлаад тэсвэр алдрахаараа шаардаж тэмцэнэ. Монголын нийгэмд цөөн тооны эрх мэдэл, эд хөрөнгөтэй болсон хэсгийн хууль бус ашиг сонирхлоос үүдэж шударга бус байдал хүрээгээ тэлж, нийгмийн бухимдлын гол шалтгаан болж байгааг иргэний нийгмийн зүгээс хурцаар шүүмжлэх, эсэргүүцэх болсныг анхаарахгүй байж болохгүй юм.
Ашиг сонирхлын зөрчил шударга бус байдлыг бий болгож, шударга бус байдал газар авахаар олон түмний эв эе алдарч, эв эе алдарснаар үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирдаг харилцан хамааралтай.
Нийгэмд шударга ёсыг тогтоох асуудал төрийн албанд зөв, шалгагдсан хүнийг сонгож ажиллуулах, чин шударга, чадварлаг ажилтныг дэмжин урамшуулж ажиллах, сонирхлын зөрчилтэй этгээдийг гэм буруутай үйлдэлд нь хариуцлага тооцож, төрийн албыг цэвэршүүлэхээс эхлэх энгийн дүрэмтэй.

Нийгмийн тогтвортой байдлын хүрээнд

Нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангахад нийгмийн төлөвшил, ойлголцлыг илэрхийлдэг нийгмийн харилцааны баялгийг бүрдүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангахад онцгойлон анхаарч, түүнийг дотоод аюулгүй байдлыг хангах суурь асуудалд үнэлсэн нь Монгол Улсын өнөөгийн бодит шаардлага, үндэсний язгуур ашиг сонирхлоос урган гарч, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгалаа олсон юм.
Нийгмийн тогтвортой байдалд Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн зүгээс нөлөөлөх хүч асар их. Нийгмийн тогтвортой байдал нийгмийн сэтгэл зүйгээр баримжаалагддаг гэж болно. Сүүлийн хориод жилд нийгмийн сэтгэл зүй хэв шинжийн хувьд, задрах, хуваагдах чиг хандлага руу эрчимтэй явж ирлээ. Нам эвсэл, нутаг ус, хөрөнгө чинээ, төгсөлтөөр гэх мэт.
Өнөөгийн улс төрийн намуудын төлөвшил, тогтолцоо нь монгол төрийг сулруулах үндсэн хэрэгсэл болсон гэж хэлж болох байх. Мөнгөөр улс төрд орж ирдэг, улмаар төрийн хариуцлагатай албан тушаалд гэнэт томилогдож, ажил унагадаг. Иймээс, улс төрийн намуудыг шинэчлэхгүйгээр, төлөвшүүлэхгүйгээр төрийг чадавхжуулж, бэхжүүлэх асуудал төвөгтэй.
Монгол Улсад олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч тэр боломж, эрхийг эдлэх болсон нь ардчиллын үнэт зүйлийн нэг мөн. Гэтэл тэр цаг үеэс монголчуудыг нам, эвсэл, холбоонд өмчлөн хувааж эцэстээ цөөн хэдхэн монголчууд шуудайд хийсэн үхрийн эвэр мэт эв эе алдрах болсон нь бодит эмгэнэл. Үүн дээр, нүүдэлчдийн угаасаа түнжин муутай байдал, нэгнийгээ хүлээн зөвшөөрч тэвчдэггүй төрөлх мэдрэмж нь нэрмээс болно.
Хуваасны хэрээр хуваагдана гэх онч үг бий. Цөөхөн монголчууд дахин хуваагдах нь хэнд ашигтай байх вэ. Өвөр Монгол, Буриад, Тува энэ бол монголчуудыг аль нэг харъяаллаар өмчлөн хувааж байсан цөөн хэдэн ноёдын явцуу, ядмаг ашиг сонирхлыг хөндлөнгийн улс гүрэн ашигласан түүхэн эмгэнэл, бэлээхэн сургамж.
Нийгэмд оршиж буй олон талт үзэл бодол намуудаар илэрхийлэгдэн цэгцэрч, Монгол Улсын үндэсний эрх ашигт нэгдэж байх зарчим олон намын тогтолцооны давуу тал хэдий ч олон түмнийг нам, хөдөлгөөнөөр ангилж, талцуулан тэмцэлдүүлж буйгаа улс төр хийж байна гэж ойлгож, тайлбарлах улс төрчдийн үйлдлийг үндэсний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдалд аюул, занал бий болгож байна гэж ялгавартай үзэх цаг болжээ. Олон түмний эвдрэлцээн дундаас цөөн хэдэн хүн ашиг хүртэж, монголчууд тусгаар тогтнол, газар нутаг, үндэс угсаагаараа хохирч үлддэг түүхэн сургамж холгүй байна.
Нийгмийн шударга ёс, эв нэгдэлээ дээдлэж, үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэх эх оронч үндэсний үзлийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх асуудлыг эн тэргүүнд тавьж хамтарч ажиллах түүхэн шаардлага улс төрийн намуудын өмнө хойшлуулшгүй тавигдаж байна.
Монголын төр, засгийн түшмэдийн хүрээнд хоорондоо дайсагналцсан хэсэг, бүлэг байсаар ирсэн. Тэд аль нэг удирдагчийн талд татагдан орж засаглалын эвдрэлийг бий болгож төрийг сульдааж ирсэн түүхэн хэв шинжтэй.
Олон нийтийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь улс төрийн нам, улс төрчид, бизнес бүлэглэлийнхний төлөө аль нэг талд захиалгаар үйлчлэх, энэ хэрээр нийгэмд үнэнийг өгүүлэх, нэг талыг бариагүй, үнэлэлт, дүгнэлтгүй бодит мэдээлэл түгээхэд өөрсдөө саад учруулан, нийгэм, олон нийтийг хэт улс төржүүлэхэд нөлөөлж байна.
Энэ байдал нь улс төрийн сонгуулийн үеэр хурцаар ажиглагдан, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхөд чиглэсэн зохиомол үйл ажиллагааг явуулж хэвших хандлагатай болжээ.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй цаг үеийн мэдээллийн дийлэнх нь нийгэмд бухимдал, гутрал төрүүлэх эх сурвалж болж ирсэн. Ямар ч улс оронд шүүмжлэлтэй хандах асуудал цаг мөнхөд байдаг ч хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийгэмд хүргэх, хэлэлцэгдэх хэмжээ хязгаар гэж бий. Энэ хэмжээ хязгаар /төрийн бодлого/ манайд үгүйгээс шүүмжлэлт сэдэв гол анхааралд байж нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Өнөө цагт, эх орон, үндэс угсаагаараа омогшин бахархах, улс орны ололт дэвшил, монгол хүний чадвар, чадамж, хүнлэг, тусч, жудагтай чанар, үнэнч шударга байдал, төр ёсоо дээдлэн эх орон, үндэс угсааныхаа төлөө аймшиггүй чин зориг, баатарлаг үйлсийг дуурсгасан, түүнд уриалан дуудсан уран бүтээл, мэдээллийн орон зай юу юунаас илүү үгүйлэгдэх болсон.
Иргэдийн итгэл үнэмшил, ёс зүй, бахархал, үүрэг хариуцлага, үнэлэмж зэргийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болох нийгмийн сэтгэл зүй гүнзгий доройтсоныг илтгэх үзэгдлүүд ажиглагдах боллоо.
Улс-үндэсний аюулгүй байдлыг хангахад нийгмийн сэтгэл зүй тулгуур асуудал мөн. Нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд төрийн зүгээс ухаалаг бодлогоор оролцох шаардлага бодитой бий болоод байна. Энэ чиглэлийг урсгалд нь орхисон гэж үзэж болох бөгөөд цаашид даамжирвал нийгэмд эмх замбараагүй байдал ноёрхож, төр засгийг үгүйсгэсэн үзэл гамшгийн хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Улс төрийн нам, хүчин засаглалын төлөөх тэмцэл, өрсөлдөөн, эдийн засгийн ашиг сонирхлоос цаашихыг олж харахгүй болтлоо явцуурчээ гэх болгоомжлол төрийн алба хаагчдын дунд түгээмэл ажиглагдах болсон нь анхаарах ёстой асуудал мөн.
Дээрх байдлаас үзэхэд, үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд төрийн чиг үүрэг оновчтой тодорхойлогдоогүй, төрийн удирдлагын чадавх сул, авлига газар авсан, төрийн гадаад бодлого нэгдмэл байх зарчим алдагдаж, зохицуулалт суларсан, төр засгийн бодлого, үйл ажиллагааг иргэний нийгмийн зүгээс хурцаар шүүмжлэх, үгүйсгэх хандлага эрчимжих зэрэг нөхцөл байдлууд нь Монгол Улсын дотоод аюулгүй байдал эмзэг, өндөр эрсдэл бүхий цаг дор байна гэж үнэлэх хэмжээнд иржээ.

1. Монгол Улсын түүхэнд 1994 онд анх удаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хэмээх бие даасан баримт бичгийг УИХ-аас батлан гаргасан.
2. Эрх зүйн баримт бичгийн эмхтгэл., Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (Улаанбаатар 2008), 9.
3. Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалын 1.1.1.
4. Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалын 3.3.
5. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 5.1 дэх заалт

 

* Д.Адъяабазар. “Монгол Улсын дотоод аюулгүй байдлын эрсдэл бүхий зарим асуудал” //, Стратеги судлал сэтгүүл, (2011, №53), 35 дахь тал