Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав.

Зарлигт Монгол Улсын эдийн загийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Үүнд, Аж үйлдвэртэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, эдийн засгийн нөөц, чадамжид тулгуурлан богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын нэгдсэн баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчин бүрдүүлэх,

Экспорт болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн татварын уян хатан, ухаалаг бодлого явуулах. Ингэхдээ дотоодод үйлдвэрлэсэн хийц, бүтээгдэхүүнийг дараагийн боловсруулах үйлдвэрт шилжүүлэх сонирхлыг төрүүлэхүйц татвар, гаалийн тарифын бодлого явуулж, кластерын тогтолцоог бүрдүүлэх,

Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлосон, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах бодлогыг хэрэгжүүлэх, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц Монгол Улсын “Нэрийн бүтээгдэхүүн”-ийг олшруулах,

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөж байгаа нь аудитын дүгнэлтээр баталгаажсан, хууль тогтоомжид заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах тогтолцоог бүрдүүлэх;

Төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны стандартыг нарийвчлан баталж, хэрэгжилтийг хангах, хяналт, шалгалтын үйл ажиллагааг нээлттэй, ил тод (шилэн) тогтолцоонд шилжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй дарамтыг арилгаж, дэмжиж зөвлөдөг болгох;

Монгол Улстай хамтын ажиллагаатай болон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудтай эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортыг дэмжих чиглэлээр нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхэд Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг чиглүүлж, эрчимжүүлэх;

Хөрш болон бусад оронтой тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээр чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх;

Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн өнөөгийн түвшин нь их төлөв ашигт малтмалыг эрж хайх, олборлох, баяжуулах төдийгөөр хязгаарлагдаж байгаад дүгнэлт хийж, боловсруулах болон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулах, үүсмэл ордыг ашиглах эрх зүйн таатай орчин бий болгох;

Эрдэс баялгийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах уялдаа холбоо бүхий “нэг цонхны бодлоготой” болох;

Үйлдвэржилтэд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээг тодорхойлж, мэргэжилтэй ажиллах хүчнийг дотоод, гадаадын их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд бэлтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах зэрэг арга авч хэрэгжүүлхийг чиглэл болголоо.

Мөн Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглээг нь дэмжих ажилд нийт ард иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг идэвхийлэн оролцохыг уриалжээ.

Уг зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээ, үйл ажиллагааны зардлыг тооцон жил бүрийн улсын нэгдсэн төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, зарлигийн хэрэгжилтийн үйл явцыг Монгол Улсын Ерөнхийлөгчид улирал тутам мэдээлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар (Ч.Сайханбилэг)-т үүрэг болгож, уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гарын үсэг зурсан байна.

 

AttachmentSize
20150202001.pdf1.89 MB