Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн

Халтмаагийн БАТТУЛГА

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн

Миеэгомбын ЭНХБОЛД

Монгол Улсын Их Хурлын дарга, ҮАБЗ-ийн гишүүн

Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын үндсэн хуульд зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Зөвлөлийн тэргүүн, Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх, илтгэгч, шинжээчийн хэсгээс бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилно.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага юм.

Улсын Их Хурлын дэд дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ахлагч нар зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно. Засгийн газрын гишүүд, тусгай газар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар Зөвлөлийн илтгэгч байдаг. Тэд тус тусын хариуцсан салбар, хүрээндээ үндэсний язгуур ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлуудыг судалж зохих илтгэл, санал шийдвэрийн төслийг боловсруулан Зөвлөлд оруулж, гарсан шийдвэрийг эрхэлсэн салбар, хүрээндээ хэрэгжүүлэх ажлыг хариуцна.

Үндэсний аюулгүй байдлын шинжээчдийг өндөр мэргэшлийн эрдэмтэн, мэргэжилтнүүдээс орон тооны болон орон тооны бус журмаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилон ажиллуулна. Шинжээчид нь тодорхой асуудлаар болон Зөвлөлийн шийдвэрийн төслийн талаар шинжилгээ, судалгаа хийж, мэргэжлийн дүгнэлт гаргаж үндэслэлийг нь хариуцдаг.