Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ ?

Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд: 

Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.

"Үндэсний язгуур ашиг сонирхол"-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

"Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа" гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд: 

1.1.Үндэсний аюулгүй байдал

1.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний  язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ.

1.1.2.Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

1.1.3.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байдлыг хамгаалан бататгах нь үндэсний аюулгүй байдлыг хангах анхдагч нөхцөл мөн.

1.1.4.Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн.

 1.1.5.Монгол Улсын төр, нийгэм, иргэний аюулгүй байдал харилцан уялдаатай хангагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал баталгаажна.

1.1.6.Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн.

1.2.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим

1.2.1.Эх оронч үндэсний үзлийг дээдлэх 

Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно. 

1.2.2.Төр, иргэний хамтын ажиллагаа

Үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүрэг мөн. Иргэдээ аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломжоор хангах, хамтран ажиллахад төр онцгой анхаарна. 

1.2.3.Аюулгүй байдлын бодлого цогц байх

Монгол Улсын “оршин тогтнохуйн аюулгүй байдал”, “эдийн засгийн аюулгүй байдал”, “дотоод аюулгүй байдал”, “хүний аюулгүй байдал”, “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал”, “мэдээллийн аюулгүй байдал” харилцан уялдаатай хангагдсанаар үндэсний аюулгүй байдал баталгаажна. 

1.2.4.Мэдлэгт суурилах

Аюулгүй байдалд хандах хандлага, түүнийг хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна.

1.2.5.Бодитой хандах 

Болзошгүй аюул, сорилтыг бодитой тодорхойлж, тэдгээрийг гэтлэн давахад хязгаарлагдмал нөөц, боломжийг үр дүнтэй дайчилна.

1.2.6.Даяаршлын хүчин зүйлийг харгалзах

Даяаршил улс үндэстний бусдаас хамаарах эмзэг байдлыг нэмэгдүүлж, нөгөө талаас гадаад нөөц боломжийг ашиглан үндэсний ашиг сонирхлоо хамгаалж бататгах боломж олгож байна.