ҮАБЗ-ийн тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 10-т Улсын Их Хурал Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтооно, 33 дугаар зүйлийн 1-ийн 10-т Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ гэж тус тус заасан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн" гэж тодорхойлсон.

Монгол Улс 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан шинэ Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийн институцийг бий болгож, уг хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1-ийн 10-т Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийн дотор “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх” гэж заасан билээ. 1990 оны анхны ардчилсан чөлөөт сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Бага Хурал 1992 оны 5 дугаар сарын 29 -нд  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг баталж уг зөвлөлийг байгуулсан юм.  Энэ хуулиар Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн зарчим, чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тодорхойлон заасан байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхны тэргүүний үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат (1992 оны зургадугаар сарын 11-нээс 1997 оны зургадугаар сарын 20) гүйцэтгэжээ. Түүний дараа зөвлөлийг Нацагийн Багабанди (1997  зургадугаар сарын 20-ноос 2005 оны зургадугаар сарын 24), Намбарын Энхбаяр (2005 оны зургадугаар сарын 24-нөөс 2009 оны зургаадугаар сарын 18) нар тус тус тэргүүлж байв. 2009 оны зургаадугаар сарын 18 -наас тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэргүүлж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхдугаар хуралдаан 1992 оны 8 дугаар сарын 8-нд болж, түүгээр Зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилох тухай, Зөвлөлийн ажлын дотоод журам болон Зөвлөлийг мэдээллээр хангах журмын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталжээ. Анхдугаар хуралдаанаараа ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Равдангийн Батааг томилж байжээ. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар  1993-1996 онд Ж.Энхсайхан, 1996-1997 онд Ч.Баатар, 1997-2003 онд Р.Болд, 2003-2006 онд Д.Готов, 2006-2008 онд П.Сүндэв, 2008-2009 онд М.Ганболд нар ажиллаж байжээ. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар 2009 оноос Ц.Энхтүвшин ажиллаж байна.

Олон улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэртэй бүтцийн байгууллага дэлхийн хоёрдугаар дайны дараа 1947 онд АНУ-д Ерөнхийлөгчдөө дотоодын аюулгүй байдал болон гадаад бодлогын асуудлаар  зөвлөх үүрэгтэй бүтэц хэлбэрээр байгуулагдсан түүхтэй.  Улмаар дэлхийн бусад улсууд дээд удирдлагадаа зөвлөх үүрэг бүхий ийм бүтцийг XX зууны хоёрдугаар хагаст Үндэсний батлан хамгаалах зөвлөл, Аюулгүй байдлын зөвлөл, Цэргийн төв комисс зэрэг албан ёсны нэртэй байгуулж байсан бол 1990 –ээд оны эцсээр ерөнхийдөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэсэн нийтлэг нэгэн тогтсон нэртэй болсон байна. Их Британид бүр саяхан 2010 онд ерөнхий сайд Дэвид Камерон засгийн газрынхаа ийм чиг үүрэг бүхий хорооны оронд  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэсэн нэртэй бүтцийг шинээр үүсгэн байгуулсан байдаг.