ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев Монгол Улсад айлчлав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын урилгаар Оросын Холбооны улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев Монгол Улсад айлчлав. Айлчлалын дүнд талууд дараах хамтарсан баримт бичгийг гаргасан байна.

ХАМТАРСАН КОММЮНИКЕ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн хооронд хамтран ажиллах тухай Протоколын дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев 2009 оны 12 дугаар сарын 8-10-ны хооронд Монгол Улсад албан ёсоор айлчлав.
Айлчлалын явцад Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нар хүлээн авч, уулзаж ярилцав.
Н.П.Патрушев Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн явцад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн хоорондын хамтын ажиллагааны 2010-2011 оны төлөвлөгөөг хэлэлцэв.
Хоёр тал 2009 оны найм дугаар сард Монгол улсад  айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн айлчлалын үеэр тохиролцсон зарим асуудлуудын хэрэгжилт, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, зарим хамтарсан компаниудын үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар хэлэлцэж ярилцав.
Хоёр тал олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцов.
Мөн хоёр орны аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын хамтын харилцан ажиллагааг  бэхжүүлэх, юуны өмнө  олон улсын терроризм, экстремизм болон бусад аюул занал, аюул заналын илрэлтэй тэмцэх асуудлуудыг  хэлэлцэв.
Монголын талын сонирхолыг харгалзан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн улсуудын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын уулзалтын хуралдаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргыг урьж оролцуулахад Оросын тал дэмжлэг үзүүлэхээр тогтов.
Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевийн Монгол Улсад хийсэн айлчлал ажил хэрэгч, найрсаг  уур амьсгалд болж өнгөрөв. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг боломжтой үедээ Оросын Холбооны Улсад айлчлахыг урив.