ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ АЙМАГ, НИЙСЛЭЛД АЖИЛЛАЖ БАЙНА

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигийн хэрэгжилт аймаг, нийслэлд хэрхэн хангагдаж байгааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан хүрээнд газар дээр нь шалган танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, арга зүйн сургалт зохион байгуулах зорилго бүхий ажлын хэсэг аймаг, нийслэлд ажиллаж байна.  Ажлын хэсэг нь аймаг, нийслэл дэх төрийн байгууллагын удирдлагуудад үндэсний аюулгүй байдлын тухай мэдлэг олгож, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн үүрэг, чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зүй эзэмшүүлэхэд анхаарч ажиллах юм. Ажлын хэсэг нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын харъяа агентлаг, төрийн байгууллагын орон нутаг дахь салбар нэгж, Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ажиллана. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2-т зааснаар Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих байгууллага, албан тушаалтанд санал, гомдлоо тавьж шийдвэрлүүлэх эрхтэй тул иргэд аймаг, нийслэлд ажиллаж байгаа тус мэргэжлийн багтай холбогдож санал, хүсэлтээ холбогдох албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх боломжтой юм.