ҮАБЗ-ИЙН АНХНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав. Хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцов. Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсны дараа болж буй зөвлөлийн анхны хуралдаанаар ядуурал, ажилгүйдлийн асуудлыг авч хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар А.Гансүхийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов.

Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна.

Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн аюулгүй байдлын хамгийн нарийн нандин бүхнийг хариуцаж ажиллаж байх ёстой.

Монгол Улсын аюулгүй байдал гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөл байдлын асуудал юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох, бидний баримталж явах ёстой гол бичиг баримт юм. Та Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг байнга сахин хамгаалж яваарай. Цаашдын ажилд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганаас Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулав.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганы төгсгөлд зөвлөмж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хааж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын чуулганы зочид төлөөлөгчид, хүнсний үйлдвэрлэгчид Та бүхний энэ өдрийн мэндийг айлтгая.

ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭНХТҮВШИН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД АЛБАН ТУШААЛТНЫ ОЛОН УЛСЫН VIII УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2017 оны 5 дугаар сарын 22-26-нд ОХУ-ын Тверь мужид ОХУ-ын Аюулгүйн зөвлөлөөс зохион байгуулсан Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд албан тушаалтны олон улсын VIII уулзалтад оролцов. Монголын талаас тус уулзалтад Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, тус ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Ганболд, ҮАБЗ-ийн Ажлын албаны референт Л.Болдбаатар нар оролцов.

Уулзалтад нийт 95 орны төлөөлөгч оролцож, нэгдсэн хуралдаан, дугуй ширээний ярилцлага, хоёр талын уулзалтууд гэсэн хэлбэрээр явагдав. Нэгдсэн хуралдаанд “Олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга зам ба орчин үеийн технологийн үүрэг оролцоо”, “Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд” гэсэн үндсэн хоёр чиглэлээр үндсэн болон хавсралт илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв. Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин хоёрдугаар хэлэлцэх асуудлын хүрээнд “Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр үг хэлж, “өнгөт хувьсгал”-ын асуудлаар болсон дугуй ширээний ярилцлагад оролцов.

Тус уузалтын хүрээнд Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны Нарийн бичгийн дарга Мэн Зяньжу нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-д айлчлал хийв

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын урилгаар 2017 оны 2 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевтай 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр уулзаж, терроризмтай тэмцэх, “өнгөт хувьсгал”-аас урьдчилан сэргийлэх, хоёр орны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцож, харилцан ярилцав. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нар байлцав.

 

Хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр монголын талаас дэвшүүлсэн санал, санаачилгыг ОХУ-ын тал дэмжиж, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев мэдэгдэв. Түүнчлэн ноён Н.П.Патрушев Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг энэ оны тавдугаар сард ОХУ-ын Тверь хотноо зохиогдох Аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын өндөр, дээд албан тушаалтны олон улсын чуулга уулзалтад оролцохыг урив.