“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж байна

Улс үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээ, мэдээллүүд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд байнга ирж, дүн шинжилгээ хийгдэж байдаг. Одон орон геофизик судлалын төвөөс газар хөдлөлтийн мэдээг хариуцан ирүүлдэг. Газар хөдлөл судлалын мэргэжилтнүүд 2010-2012 онд газар хөдлөлтийн идэвхтэй үе байна гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж тавьж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж газар хөдлөлтийн асуудлыг тухайлан анхааралдаа байлгаж ирсэн бөгөөд, түүний санаачилгаар 2010.01.22 –нд газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах асуудлаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож, газар хөдлөлтийн болзошгүй аюул, эрсдэлийг тодорхойлж, түүнээс хамгаалах улс-үндэсний чадавхыг дээшлүүлэх үүрэг чиглэлийг өгсөн. Үүний дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж манай улс, тэр дундаа Нийслэл хот газар хөдлөлтийн аюулын ямар эрсдэлд байгаа, түүнээс урьдчилан сэргийлэх, аврах, сэргээн босгох өнөөгийн чадавх, боломжид үнэлгээ хийсний дагуу Засгийн газарт чиглэл өгч Шадар сайдаар ахлуулсан “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах нэгдсэн төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Уг төлөвлөгөөг дараах үндсэн гурван хэсэгтэйгээр боловсрууллаа.
1.Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах /урьдчилан сэргийлэх/төлөвлөлт
2. Газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах төлөвлөлт /аврах ажиллагааны/
3. Сэргээн босгох төлөвлөлт.
Нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах явцад эхний ээлжинд гол үүрэг гүйцэтгэх ОБЕГ-т мэргэжлийн дэмжлэг үзүүлэх байгууллагуудын хамтын ажиллагааны болон бэлэн байдлын салбар төлөвлөгөөг цуг тодотгон шинэчилсэн. Дараагийн шатанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах салбар төлөвлөгөөг хийж гүйцэтгэх ажлыг ОБЕГ хариуцан хэрэгжүүлж эхэлсэн.
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах гол ажил урьдчилан сэргийлэх буюу иргэдийг газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, аюулын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах мэдлэг олгох албан ба албан бус сургалт зохион байгуулах, аврах ажиллагааны үед үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажиллах, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэж байна. ОБЕГ-аас гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөр боловсруулж дадлага сургалтын ажлыг эхлүүлээд байна.
Ажлын хэсэг ажлын явц байдлаа Ерөнхийлөгч болон ҮАБЗ-ийн гишүүдэд байнга танилцуулж ирсэн. 3 дугаар сарын 29-нд Ерөнхийлөгч ажлын хэсгийн үр дүнтэй нэгдсэн байдлаар танилцана.
Газар хөдлөлт чухам хэзээ болохыг урьдчилан мэдэх боломж дэлхийд байхгүй. Харин, газар хөдлөлтийн хүчтэй голомтуудад хөдлөлт болсон үед тодорхой газар тухайлбал, нийслэлд цохилтын долгион ирэхээс өмнө амжиж анхааруулах боломж бий. Энэ нь уг голомт нийслэлээс хэдий зайд байгаагаас хамаарч Дэрэн, Могот, Хустайн голомтоос 1 минут гаруй хугацаанд урьдчилан мэлээлэх боломж байгаа гэж мэргэжилтнүүд үздэг.
Эмээлт зэрэг хотод ойрхон байгаа хагарлууд нь хэдий давтамжтайгаар ямар хүчтэй хөдлөлт болох магадлалтайг одоогоор судалж тогтоогоогүй байна.