Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны нарийн бичгийн дарга хатагтай Лата Редди Монголд айлчлав


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар БНЭУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга хатагтай Вижаяа Лата Редди Монгол улсад 2011 оны 7 дугаар сарын 3-6-нд албан ёсны айлчлал хийнэ.

Хатагтай Лата Редди айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй ээлжит зөвлөлдөх уулзалт хийнэ.

Зөвлөлдөх уулзалтаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хоёр талын хамтын ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн хоёр төсөл дээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд, олон улсын терроризмтой хамтран тэмцэх, бүсийн аюулгүй байдалтай холбоотой хар тамхи, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын аюулгүй байдлын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцож цаашдын түншлэлийн чиглэл, хамтын ажиллагааны арга хэмжээг тодорхойлно.