ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ӨНДӨР, ДЭЭД АЛБАН ТУШААЛТНЫ ОЛОН УЛСЫН VI УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦОВ

Аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр, дээд албан тушаалтны олон улсын VI уулзалт 2015 оны 6 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан Үд хотод болов. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс зохиосон уг уулзалтад 64 орны төлөөлөгчид оролцон экстремизмтэй тэмцэх талаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэвэр усны нөөцийг хамгаалах, биологийн аюулгүй байдлыг хангах, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх асуудлаар зөвлөлдөв.

Уулзалтад Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, БНХАУ-ын КН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хуулийн хорооны дарга Мөн Зеньжу, БНЭУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Арвинд Гупта, БНСВУ-ын КН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, НАХЯ-ны сайд Чан Дай Куанг, Израилийн Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Эран Лерман нартай уулзан үндэсний аюулгүй байдлын салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.