ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭНХТҮВШИН ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

     Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин  тэргүүтэй, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын төлөөлөгчид ОХУ-ын Бүгд Найрамдах Чечен Улсын нийслэл Грозный хотноо энэ оны 5 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохиогдсон Аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын өндөр, дээд албан тушаалтны олон улсын 7 дугаар чуулга уулзалтад оролцов.
    Чуулга уулзалтын үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны “улс төрийн” товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Зяньжу, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам болон Энэтхэг, Израилийн төлөөлөгчидтэй тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
    Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Чечен Улсын Тэргүүн Р.А.Кадыров Монгол Улсын төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзав.
    Энэ удаагийн уулзалтад 70 гаруй орны төлөөлөгчид оролцсон бөгөөд  олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд болох терроризм, хууль бус шилжилт хөдөлгөөн, мэдээллийн аюулгүй байдлыг онцлон анхаарч хэлэлцэв.