ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-д айлчлал хийв

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын урилгаар 2017 оны 2 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевтай 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр уулзаж, терроризмтай тэмцэх, “өнгөт хувьсгал”-аас урьдчилан сэргийлэх, хоёр орны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцож, харилцан ярилцав. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нар байлцав.

 

Хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр монголын талаас дэвшүүлсэн санал, санаачилгыг ОХУ-ын тал дэмжиж, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев мэдэгдэв. Түүнчлэн ноён Н.П.Патрушев Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг энэ оны тавдугаар сард ОХУ-ын Тверь хотноо зохиогдох Аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын өндөр, дээд албан тушаалтны олон улсын чуулга уулзалтад оролцохыг урив.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл хоорондын түүхэн, уламжлалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа гардуулав.